Цагдан хорих байр гэдэг чинь эрүү шүүлтийн газар юм уу, хаашаа юм? Уг нь зориулалт нь гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байгаа сэжигтнээ оргуулахгүй, бусдын нөлөөнд автуулахгүй, баримт устгуулахгүй, ул мөрийг нь баллуулахгүй гэсэндээ л түр тусгаарладаг байр байлтай.
Гэвч мөнгөн дэнчин тавиад, хэн нэгнээр батлан даалгаад гарч болдог. Гаргах л байсан юм бол яах гэж тэнд аваачиж хийдэг юм гэж заримдаа бодогдоно. Дэнчингийн мөнгө авах гэсэн юм уу. Хорих газар иймэрхүү шүү гэж айлгаж, хилс хэрэг хүлээлгэх эсвэл үнэнийг нь хэлүүлэх зорилготой юм уу. Бусдын нүднээс далд аваачиж, эрүүдэн шүүх санаатай ч байж болох. Аль ч зорилгоор ашигладаг л юм шиг байгаа юм.
Эрүүл мэндийн шалтгаанаар тус төвөөс сэжигтнийг батлан даалтаар гаргаж болдог юм бол энэ залууг яагаад гаргасангүй вэ?
Цагдан хорих төвд хэнийг хорьдог вэ, тэндээс хэнийг батлан даалтаар гаргадаг вэ гэдэг нь сонин. Баячуудын хүүхдүүд бүлэглэн, нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Канте” шөнийн цэнгээний газрын гадна энэ оны 7 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хүн зодож, хэвтэрт оруулчхаад, цагдан хоригдов. Энэ зодоонд 4 хүн холбогдсоны 3-ыг нь цагдан хорьсон бол 1 нь тэр даруйдаа хил даван зугтчихсан.
Цагдан хоригдсон 2 нь хоёулаа л баян айлын, улстөрч хүний хүүхдүүд. Мөнгөө төлөөд батлан даалтад гарч чадах л улс. Гэсэн ч 1-ийг нь батлан даалтаар гаргаж, нөгөөг нь тэнд нь үлдээв. Бие нь муудсан залууг гаргаж, эрүүлийг нь үлдээлээ. Энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, буцаагаад өнөө залууг цагдан хориход хийлээ.
Тэгвэл…
Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан 25 настай Б гэдэг хүн 8-р сарын 12-нд нас баржээ. Үүний шалтгааныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба эрүүл мэндийн байдалтай нь холбон тайлбарлав. Эрүүл мэндийн шалтгаанаар тус төвөөс сэжигтнийг батлан даалтаар гаргаж болдог юм бол энэ залууг яагаад гаргасангүй вэ? Яагаад хориход амиа алдахад хүргэв?
2024 оны 4-р сард цагдан хоригдсон 21 настай Б.О гэдэг залуу 3 сарын дараа бие нь муудаж, түргэн тусламжийн машинаар Улсын 3-р төв эмнэлэгт хүргэгдэж очоод, нас барсан. Түүний бие 7-р сарын дунд үеэс муудаж, хорих эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан нь тодорхой болсон юм. Бие муутай нь тодорхой байхад батлан даалтад гаргалгүй, цагдан хорьсоор байгаад, нөгөө ертөнц рүү илгээжээ.
Бие муутай нь тодорхой байхад батлан даалтад гаргалгүй, цагдан хорьсоор байгаад, нөгөө ертөнц рүү илгээжээ
Уг залуу 1-р сард “Цагдаагийн ажилтан эрүү шүүлт тулгасан” гэж АТГ-т гомдол гаргасан байв. Энэ явдал цагдан хорих байрыг цагдаа эрүүдэн шүүх газар болгон ашигладаг байж болзошгүйг сэрэмжлүүлсэн. Түүнийг бие нь муудан, татаж байхад гавлан авч гарсан, эмнэлэгт байхад нь хүртэл гавтай байлгасан. Татсан, ухаан алдсан хүнийг гавласан. Бие нь муудсан болж жүжиглээд зугтчихна гэж сэргийлэх нь зөв ч жүжиглэж байна уу, үнэхээр бие нь муудав уу гэдгийг ялгаж салгах чадамж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд байх л ёстой.
Энэ 3-хан баримтаас харахад л батлан даалт гэдэг зүйл байгаа онохгүй байна. Баяны хүү батлан даалтад гарч, борчуудын хүү цагдан хориход амиа алдаж байна.