Гэнэтийн үерийн улмаас Пакистан улсад 150 хүн сураггүй алга болжээ


Өнгөрсөн долоо хоногт Пакистан улсад тохиосон гэнэтийн үер усны гамшгийн улмаас улсын хэмжээнд 344 хүн амиа алдаж, хамгийн багадаа 150 хүн сураггүй алга болоод байгаа талаар ням гарагт эрх баригчдын зүгээс мэдэгджээ.

Үерт нэрвэгдсэн Пакистаны баруун хойд хэсгийн Хайбер-Пахтунхва мужид 150 гаруй хүн сураггүй алга болсон талаар мужийн гамшиг зохицуулалтын албаны дарга Ашфандяр Хаттак мэдээлсэн байна.

Гамшигт нэрвэгдсэн бүсэд олон мянган аврагчид цаг хугацаатай уралдан эрж хайх, аврах ажиллагааг гүйцэтгэж байна. Сураггүй болсон ихэнх хүмүүсийг үерийн усанд байшинтайгаа урсаж, дарагдсан гэж үзэж байгаа ажээ.

Мөн тухайн бүсэд үргэлжлэн орж буй хур тунадас, үерийн улмаас тог цахилгаан, үүрэн холбооны сүлжээ тасалдсан зэрэг нь аврах ажиллагаанд давхар саад учруулж байгааг холбогдох албаныхан дурьджээ.

Үерт хамгийн их нэрвэгдсэн Хайбер-Пахтунхва мужийн Бунер хотын 9 дүүрэгт 2000 орчим аврагч ажиллаж, байшин барилгын нурангин доор гацсан хүмүүсийг аврах ажлыг гүйцэтгэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *