Мьянмар улсын нэгдсэн сонгуулийг ирэх 12-р сараас эхлэн үе шаттайгаар явуулна


Мьянмар улсын сонгуулийн хороо 12-р сарын сүүлээр нэгдсэн сонгуулийг үе шаттайгаар явуулахаар болсныг зарласан байна.

Даваа гарагт Мьянмар улсын Холбооны сонгуулийн хорооноос “олон нам өрсөлдөж, ардчилсан зарчмаар явагдах” бүх нийтийн сонгуулийн эхний үе шатыг 12-р сарын 28-ны ням гарагт эхлүүлнэ гэж мэдэгдэв. Мөн бүх нийтийн сонгуулийн дараагийн шатны товыг хожуу зарлах болно гэж мэдэгдсэн бөгөөд 2026 оны 1-р сард явуулахаар төлөвлөсөн байна.

Ийнхүү 2021 онд Аун Сан Сүү Чий-гийн тэргүүлсэн засгийн газрыг түлхэн унагаж, төрийн эрхийг авсан Мьянмарын цэргийн хунт дэглэмийн зүгээс олон удаа сонгуулийг хойшлуулсны дараагаар сонгуулийн товыг тогтоон зарлалаа.

Өнгөрсөн сарын сүүлээр цэргийнхэн төрийн эргэлт хийхдээ тогтоосон онц байдлыг цуцалсан бөгөөд цэргийн хунт дэглэмийн удирдагч, генерал Мин Аун Хлаинг сонгуулийг 2025 оны 12-р сар болон 2026 оны 1-р сард явуулна гэж мэдэгджээ.

Тэрээр бүх нийтийн сонгуулийг явуулах ёстой гэдгийг цохон тэмдэглэж, сонгуулийг зохион байгуулах түүний төлөвлөгөөг шүүмжилж, саад учруулсан хэн бүхнийг хатуу шийтгэнэ гэж сүрдүүлсэн байна.

Мөн цэргийн эргэлт гарахаас өмнөх сонгуулийн хоёр шатанд үнэмлэхүй ялалт байгуулж байсан Ардчиллын төлөөх үндэсний лиг намын дарга Аун Сан Сүү Чий-г энэ удаагийн сонгуульд оролцуулахгүй гэсэн байна.

Мьянмарын төрийн төв мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр 55 нам сонгуульд оролцохоор бүртгүүлээд байгаагаас 9 нам орон даяар буюу бүх засаг захиргааны нэгжүүдэд өрсөлдөхөө мэдэгдээд байгаа ажээ.

Харин цэргийн хунт дэглэмийн зүгээс төлөвлөөд буй уг бүх нийтийн сонгуулийг хүний эрхийг хамгаалах ТББ-ууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хурцаар шүүмжлээд байгаа бол Мьянмар улсад тогтвортой байдал шаардлагатай хэмээн үзэж буй хүчирхэг хөрш болох БНХАУ-ын дэмжлэгийг аваад байна.

Ажиглагчдын зүгээс мөн хилийн орчимд ардчиллыг дэмжигч хүчин болон цэргийнхний хооронд үргэлжилж буй дайн тулаантай үед бүх нийтийн сонгуулийг амжилттай явуулж чадах эсэхэд мөн эргэлзэж, сонгуулийн логистикийн асуудал томоохон сорилт болохыг хэлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *