АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Цагаан ордонд Украины ерөнхийлөгч В.Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн уулзалтууд өндөрлөлөө.
Украины ерөнхийлөгч В.Зеленский Д.Трамптай уулзахаасаа өмнө хэвлэлд хандаж хийсэн мэдэгдэлдээ Украин улс АНУ, ОХУ-ын удирдагчидтай гурван талт уулзалт хийхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Д.Трамптай хийсэн уулзалтынхаа дараа В.Зеленский хоёр тал амжилттай яриа хэлэлцээ өрнүүлсэн гээд, “энэ бол хамгийн амжилттай уулзалт байлаа” хэмээн онцоллоо.
Уулзалтын үеэр Украины ерөнхийлөгч газрын зураг дээр зарим чухал, нарийн ширийн зүйлсийг Трампад танилцуулж, нутаг дэвсгэрийн асуудал зэрэг бүхий л асуудлаар зохицуулах төсөл/хувилбар олохыг хүсэж буйгаа илэрхийлж, нутаг дэвсгэрийн солилцоо зэрэг чухал сэдвүүдийг Трампын зуучлалтайгаар удирдагчдын түвшний уулзалтаар шууд хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Өнгөрсөн 2-р сард Цагаан ордонд явагдсан хэрүүл, маргаантай уулзалтаас хойш Трамп, Зеленский нар ахин уулзаад буй бөгөөд энэ удаад тэдний уулзалт үр бүтээлтэй, амжилттай явагдсанаас гадна Зеленский хувцаслалтдаа анхаарч ирснийг мөн сэтгүүлчид болон Трамп онцолжээ.

АНУ-ын ерөнхийлөгч үргэлжлээд Цагаан ордонд Европын удирдагчдыг хүлээн авч, Украины дайны асуудлаарх олон талт уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Украины ерөнхийлөгч В.Зеленский нутаг дэвсгэр гэх зэрэг бүхий л эмзэг сэдвүүдээр хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Уулзалтаар оролцогчид аюулгүй байдлын баталгаа зэрэг эмзэг асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд Д.Трамп нутаг дэвсгэрийн солилцоо хийгдэж болзошгүй талаар хэлэлцэх шаардлагатай байгааг онцолж, Оросын тал аюулгүй байдлын баталгааг хүлээн авахад бэлэн гэдгийг дурьджээ. Түүнчлэн зөрчилдөөнийг төгсгөхөд гал зогсоох шаардлагагүй гэдгийг хэлсэн бол Францын ерөнхийлөгч Э.Макрон, ХБНГУ-ын Канцлер Ф.Мерц нар гал зогсоохыг шаардсан байна.
Д.Трамп уулзалт маш амжилттай болж байгааг онцолж, Украины аюулгүй байдлын баталгааг АНУ-ын “зохицуулалтаар” Европын орнууд “хангана” гэж мэдэгдлээ. АНУ-ын АНУ нь Украин, ОХУ, АНУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулахыг дэмжиж, гурван талт уулзалтад бэлдэх болно гэдгээ мэдэгдэв. Мөн эцсийн энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой бөгөөд ойрын ирээдүйд хэрэгжүүлж болно гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн уулзалтын дараа нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ “би ерөнхийлөгч Путинтэй утсаар холбогдож Путин-Зеленский нарын хоорондох уулзалтыг зохион байгуулах ажлыг эхлүүлсэн, уулзалтын байршлыг удахгүй тогтооно” гэсэн байна.

Тэрээр В.Путинтэй 40 орчим минут ярилцсан бөгөөд Украины ерөнхийлөгч болон Европын удирдагчидтай хийсэн уулзалтынхаа талаар Путинд мэдээлэл өгсөн байна. Энэ үеэр Путин, Трамп нар Орос, Украины төлөөлөгчдийн хооронд шууд хэлэлцээ хийхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, шууд хэлэлцээ хийхдээ Орос, Украины төлөөлөгчдийн түвшинг дээшлүүлэх талаар хоёр тал судлан талаар ярилцаж, Украины болон олон улсын бусад асуудлууд, хоёр талын хэлэлцэх асуудлын хүрээнд үргэлжлэн нягт харилцаатай байхаар тохиролцож, Путин, Трамп хоёрын яриа илэн далангүй, бүтээлч болсон гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков тодорхойлжээ.
Харин Д.Трамп нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Путин, Зеленский нарын хоёр талт уулзалтын ажлыг эхлүүлснээс гадна гурван талт уулзалт хийхээр төлөвлөж байгаа гэжээ.
Ийнхүү хавраас хойш зогсонги байдалд ороод байсан Украины дайныг зогсоох асуудал урагшилж, Трамп-Путин, Трамп-Зеленский, Трамп-Европын удирдагчид гэсэн гурван уулзалт, хэлэлцээ явагдаж, үргэлжлээд Путин-Зеленский, Путин-Зеленский-Трамп гэсэн уулзалтууд зохион байгуулагдахаар болоод байна.
ХБНГУ-ын Канцлер Ф.Мерцын мэдэгдсэнээр Путин, Зеленский нарын уулзалт ойрын хоёр долоо хоногийн дотор зохион байгуулагдана, уулзалтын байршил хараахан шийдэгдээгүй байна гэжээ.
Түүнчлэн АНУ болон Европын орнууд Украинд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх нь тодорхой болсон ба Киевийн аюулгүй байдлын баталгааг 10 хоногийн дотор боловсруулж магадгүй талаар Украины ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
