Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Батбямба өнөөдөр ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй танилцлаа. Уг штаб болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, үерийн хамгаалалтын байгууламжид хяналт шалгалт хийх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, төлөвлөх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэл, аймгийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр ханган, тухай бүрт мэдээлэл хүргэж байгаа юм. Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Шуурхай штабт Онцгой байдал, гамшгаас хамгаалах албадын 513 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
