Израил улсын засгийн газар Газын зурваст гал зогсоох тухай аливаа хэлэлцээрт барьцааны бүх хүмүүсийг суллахыг шаардсан байр суурь дээрээ бат зогсоно гэдгээ мэдэгдсэн байна.
Израил, Хамасын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Египет, Катар улсуудын зүгээс тавьсан шинэ саналыг Хамас бүлэглэл ямарваа нэгэн өөрчлөлт оруулалгүй, урьдчилсан болзол нөхцөл тавилгүй хүлээн зөвшөөрсний дараа Израилын нэрээ нууцалсан албаны эх сурвалж ийнхүү мягмар гарагт хэлжээ.
22 сар гаруй үргэлжилж буй Израил-Хамасын дайныг өндөрлүүлэхэд чиглэгдсэн шинэ саналыг зуучлагч орнууд Хамас болон Израилд илгээсэн бөгөөд Хамаас хүлээн зөвшөөрөөд байгаа бол Израилын тал хараахан албан ёсны хариуг өгөөгүй байсаар байна.
Зуучлагчдын зүгээс энэ удаагийн гал зогсоох шинэ санал, төлөвлөгөөг өмнө нь Израилын зөвшөөрч байсан саналтай “бараг л ижил” гэдгийг цохон тэмдэглэжээ. Мөн “одоо хэрхэхийг Израил шийднэ” хэмээн Египет, Катарын зүгээс даваа гарагт мэдэгдсэн юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр шинэ саналд 60 хоног гал зогсоож, Хамас бүлэглэл 49 барьцааны хүний талыг нь суллаж, хариуд нь Израил Палестины хоригдлуудыг суллаж, Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг хязгаарлалтгүй нэвтрүүлж, байнгын гал зогсоох яриа хэлэлцээг үргэлжлүүлэн явуулах асуудлууд багтсан байна.
Харин Израилын зүгээс ийнхүү иж бүрэн бус, хэсэгчилсэн тохиролцоог сонирхохгүй, бүх 49 барьцааны хүнийг сулласан тохиолдолд л яриа хэлэлцээ хийх байр суурийг илэрхийлснээр гал зогсоох асуудалд эргэлзээ төрүүлж эхлээд байна.
