Украины дайныг зогсоох асуудлаарх дараагийн шатны яриа хэлэлцээ болох ОХУ-Украины удирдагчдын уулзалтыг Москва хотод зохион байгуулах тухай В.Путины саналыг В.Зеленский хүлээж аваагүй байна.
Даваа гарагт Трамп Путинтэй утсаар холбогдон ярилцах үеэр Путин дээрх саналыг тавьсан талаар нэрээ нууцалсан албаны хоёр эх сурвалж мэдээлсэн бол Путины саналд Зеленскийг “үгүй” гэж хариулсан хэмээн өөр нэгэн эх сурвалж AFP агентлагт мэдээлжээ.
Түүнчлэн талуудын яриа хэлэлцээний ойрын дипломат эх сурвалжийн мэдээлснээр Европын удирдагчид Трампад Путин-Зеленскийн уулзалтыг ОХУ-ын нийслэл хотод явуулах нь “тийм ч сайхан санаа биш” гэж хэлсэн гэжээ.
Цагаан ордны зүгээс Путин, Зеленский болон Трамп нарын гурван талт уулзалтыг Унгарын нийслэл Будапешт хотноо явуулах талаар авч үзэж байгааг мягмар гарагт Politico вебсайт Трампын засаг захиргааны эх сурвалжийг эш татан мэдээлсэн байна. Уг мэдээлэлд АНУ-ын Нууц алба Унгар улсад зохиогдох дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажилд ороод байгаа талаар бичжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөн мягмар гарагт “The Mark Levin show” хэмээх радио нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа ОХУ, Украины ерөнхийлөгч нарын хоёр талт уулзалтыг зохион байгуулах үйл явц яг одоо явагдаж байгааг онцолсон байна.
Д.Трамп мөн гал зогсоосны дараа Украины аюулгүй байдлын баталгааны хүрээнд АНУ цэрэг илгээхгүй гэдгийг мэдэгдсэн ч Европын орнууд Украинд энхийг сахиулах цэрэг илгээх хүсэлтэй байгааг хэлж, АНУ-ын зүгээс агаараас дэмжлэг үзүүлэх боломж байж болох цухуйлгасан байна.
Зеленский даваа гарагт аюулгүй байдлын баталгааны ерөнхий дүр зураг 10 хоногийн дотор тодорхой болно гэдгийг мэдэгдсэн юм.
Энэ үеэр мөн ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Каяа Каллас мягмар гарагт мэдэгдэл хийж, ЕХ Украины дайныг санхүүжүүлж буй Оросын эдийн засгийн эсрэг үргэлжлүүлэн хариу арга хэмжээ авч, Москвагийн эсрэг дараагийн багц хориг арга хэмжээг ирэх сард бэлэн болгохоо тодотгожээ.
Түүнчлэн НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалах, цэрэг армийн удирдагчид лхагва гарагт цахимаар хуралдаж, Украины дайныг зогсоох асуудлаарх сүүлийн өдрүүдэд явагдсан дээд хэмжээний уулзалтуудаар яригдсан асуудлууд болон Украины аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцэхээр болсон байна.
