2025 оны Дэлхийн үзэсгэлэн яармаг 18.6 сая тасалбар борлуулаад байна


Японы Осака хотноо зохиогдож буй 2025 оны Дэлхийн үзэсгэлэн яармагийн тасалбарын борлуулалт арга хэмжээг зохион байгуулах зардалтайгаа тэнцэх хэмжээнд дөхөж ирээд байгаа талаар зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.

2025 оны Дэлхийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулах холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ишигэ Хироюки даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ энэ сарын 15-ны байдлаар нийт 18.66 сая ширхэг тасалбар борлуулж, 96.9 тэрбум иен буюу 655 сая ам.долларын орлого олоод байгааг онцолжээ.

Зохион байгуулагчдын зүгээс нийт үзэсгэлэн яармагийн зардал болох 785 сая ам.долларын 80 хувийг тасалбарын борлуулалтаар олох зорилт тавьсан бөгөөд одоогийн байдлаар зорилтдоо хүрээд байгаа ч орлого, зардал тэнцэх хэмжээнд хэзээ хүрэх нь тодорхойгүй байгаа талаар мэдээлсэн байна.

Зардал болон орлогын тэнцэтгэлийг эцсийн байдлаар тогтоох болоогүй байгааг Ишигэ Хироюки мэдэгдсэн байна. Учир нь далайн хар салхи, цунами гэх зэрэг гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс нь үзэсгэлэн яармагийн арга хэмжээг хугацаанаас нь өмнө хааж, зогсооход хүргэж болзошгүй гэдгийг хэлж, мөн өнөөдрийн байдлаар үзэсгэлэн яармагийн авто зогсоол алдагдалтай ажиллаж байгааг давхар онцолсон байна. 

2025 оны Дэлхийн үзэсгэлэн яармагийн арга хэмжээнд 158 улс орон, 7 олон улсын байгууллага оролцож байгаа бөгөөд 4-р сарын 13-нд эхэлсэн үзэсгэлэн яармаг 6 сарын хугацаанд үргэлжилж, 10-р сарын 13-нд хаагдана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *