Африкийн хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурал Японд үргэлжилж байна


Африкийн хөгжлийн асуудлаарх ес дэх удаагийн олон улсын бага хурлыг эдгээр өдрүүдэд Япон Улс зохион байгуулж байна. TICAD (Tokyo International Conference on African Development) буюу Африкийн хөгжлийн асуудлаарх Токиогийн олон улсын бага хурал Токио хотын ойролцоох Йокохама хотноо үргэлжилж байна.

Япон Улсын Засгийн газар уг арга хэмжээг 1993 оноос хойш зохион байгуулж байгаа юм. Тус улсын Ерөнхий сайд Шигэрү Ишиба Африкийн болон бусад улсын зочид, төлөөлөгч оролцож байгаа тус бага хурлыг Африкийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Мөн тэрээр Африкийн улс орнуудад нээлттэй, ил тод байдлаар хөгжлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьж, төслийн хамтын ажиллагаагаар хоёр талын харилцааг бэхжүүлэхийг зорьж байна.

Шигэрү Ишиба бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Африкийн бүс нутгаас гарах шийдлүүд Олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа Япон Улсыг аврах эрин үе ирж байна. Бид Африк болон Дэлхийд тулгарч буй сорилтод шинэлэг шийдэл бий болгохын тулд хамтран ажиллахыг хүсэж байна” гэжээ.

Тэрээр хиймэл оюун болон бусад чиглэлээр Африкийн орнуудад боловсон хүчин бэлтгэхэд туслах Япон Улсын төлөвлөгөөг санал болгосноос гадна бага хурлын хүрээнд 30 гаруй улс орны удирдагчтай хоёр талт уулзалт хийхээр болжээ.

Африкийн хөгжлийн асуудлаарх Токиогийн олон улсын 9-р бага хурлаар мөн энх тайван, аюулгүй байдал, шударга ёс, хууль эрхзүй хийгээд зөрчил мөргөлдөөн гарахаас сэргийлэх зэрэг олон сэдвийг хэлэлцэж байна.  Бага хурлын төгсгөлд буюу баасан гарагт “Йокохамагийн тунхаг” хэмээх баримт бичиг батлахаар төлөвлөжээ.

Лхагва гарагт эхэлсэн уг арга хэмжээ гурван өдөр үргэлжлэн, баасан гарагт өндөрлөнө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *