Украины дайныг төгсгөх зорилгоор ОХУ, Украины удирдагчдыг уулзуулахаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зуучилж буй. Үүний дагуу зохион байгуулахаар болоод байгаа, түүхэнд бичигдэх дээд хэмжээний уулзалтын байршлаар Европын хэд хэдэн хот яригдаж байна.
Америкийн улс төрийн мэдээллийн “Politico” вэбсаит мөн өдөр Унгарын нийслэл Будапешт хотыг Цагаан ордны эхний сонголт байсан талаар мэдээлсэн. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүнтэй ойрын сайн харилцаатай байдаг нь уг сонголтод нөлөөлсөн байх магадлалтай.
Түүнчлэн Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Туркийн Истанбул болон Швейцарын Женев хотыг мөн тус чуулга уулзалтыг зохион байгуулах боломжит байршлаар нэрлэн мэдээлээд байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг үнэхээр “энхийн зорилгоор” чуулга уулзалтад ирж оролцох гэж байгаа бол Швейцар улс уулзалтыг өөрийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулах боломжтой талаар тус улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассисын хэлснийг “Ройтерс” агентлаг эш татан мэдээлжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай төлөөлөгч Стив Уиткофф нар хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг аль болох ойрын хугацаанд зохион байгуулах” ажлыг ОХУ болон Украин улсын холбогдох албан тушаалтнуудын хамт үргэлжлүүлж байгааг мэдэгдсэн юм.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хувьд Европын болон Украины үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэй хамтран, Украины аюулгүй байдлын баталгааны талаар санал боловсруулах комиссыг давхар тэргүүлж байгаа аж. Украины албаны эх сурвалжуудын мэдээлснээр аюулгүй байдлын баталгааны ерөнхий хар зураг долоо хоногийн сүүлчээр гарах юм.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский мөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ “Энх тайван урт хугацаанд найдвартай, бат бөх байж чадна гэдэгт бид итгэлтэй байгаа. Аюулгүй байдлын баталгаа нь үүний гол түлхүүр” хэмээн онцолсон байна.
Харин “Украины аюулгүй байдлын баталгааны асуудлыг ОХУ-ын оролцоогүйгээр хэлэлцэх нь зүйд нийцэхгүй, байж боломжгүй зүйл. Энэ нь ямар ч үр дүн авчрахгүй” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров лхагва гарагт мэдэгджээ.