1912 онд баригдсан Христийн шашны лютеран урсгалын сүмийг бүхэлд нь зөөх ажил мягмар гарагт Шведийн Кируна хотод эхэлсэн байна. Шведийн хамгийн үзэсгэлэнтэй барилгын нэг болох 100 гаруй жилийн түүхтэй, улаан модоор барьсан, 40 метр өндөр “Kiruna Kyrka” хэмээх тус сүмийн барилга 672 тонн жинтэй. Сүмийг бүхэлд нь өргөж, алсын удирдлагатай чиргүүл дээр байрлуулан, 5 км хол зөөж аваачих ажил мягмар гарагт эхэлж, лхагва гарагт дуусах юм байна.

Европт хамгийн томд тооцогддог төмрийн хүдрийн уурхайг тэлэхээр ийнхүү хойд туйлын бүсэд оршдог Кируна хотын төвийг тэр чигт нь нүүлгэх ажил 2004 оноос эхэлжээ. Байшин, барилгуудыг нэг нэгээр нь нураалгүй, зөөж байгаа юм.
Өчигдөр гарагт эхэлсэн сүм нүүлгэх ажлыг Шведийн телевизээр шууд дамжуулж байна. Тус улсын эзэн хаан 16-р Густав Кируна хотод очиж, цугларсан 10 мянга гаруй хүний хамтаар уг ажлыг үзэж сонирхсон байна.
Нурах аюултай тул маш удаан буюу цагт 500 м замыг туулах байдлаар сүмийг нүүлгэж байна. 5 км-ийн цаана орших, 2022 оны 9-р сард албан ёсоор шав тавьж, нээсэн шинэ Кируна хотын төвд уг сүмийг өнөөдөр хүргэх ажээ. Түүнчлэн сүмийг нүүлгэхэд бэлтгэж, 9 метрийн өргөнтэй авто замыг 24 метр өргөн болгожээ. Мөн уг замыг зөөллөсөн байна.
Сүмийг нүүлгэх ажлын төсөв зардал болох 500 сая кроныг (52 сая ам.доллар) төмрийн хүдрийн уурхайг эзэмшигч LKAB компани төлж байгаа ажээ.
