АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нарын хооронд өнгөрсөн сард явагдсан явагдсан уулзалтаар талууд тарифын тохиролцоонд хүрсэн бол пүрэв гарагт талууд тарифын хэлэлцээрийн талаар хамтарсан мэдэгдэл гаргалаа. Европын ихэнх импортод АНУ 15%-ийн тариф ногдуулахаар болсныг тус мэдэгдлээр мэдээлэв. Нисэх онгоц болон онгоцны сэлбэг, эд анги бараг 0% байх бол хагас дамжуулагч, эм бэлдмэл, модны импортыг 15%-иас хэтрүүлэхгүй байхаар зааж өгсөн байна. Түүнчлэн Европын автомашин болон эд анги, сэлбэг хэрэгсэлд ногдуулаад байсан 27.5%-ийн тарифыг 15% болгон бууруулжээ.
ЕХ үүний хариуд Америкийн бараа бүтээгдэхүүнд тогтоосон импортын тарифыг багасгах үйл явцыг энэ сардаа багтаан эхлүүлэхээр болоод байгаа юм.
Ийнхүү хоёр талын тохиролцоонд хүрсэн уг тарифын хэлэлцээрт одоо ЕХ-ны бүх 27 гишүүн орон гарын үсэг зуран батлах шаарлагатай болж байна. ЕХ-ны гишүүн орон бүр АНУ-тай өөрийн гэсэн онцлогтой, ялгаатай худалдаа явуулдаг. Тиймээс зарим улс тус хэлэлцээрийг болгоомжтойгоор дэмжин хүлээн авч байгаа бол зарим нь ЕХ-г хагаралдуулж ч магадгүй хэмээн шүүмжтэй хандаж байна.
АНУ-ЕХ худалдааны гэрээнээс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Америкийн эрчим хүч болон автомашин үйлдвэрлэгчид, Америк-Европын агаарын тээврийн аж үйлдвэрийн салбарынхан хожиж, эсрэгээрээ АНУ-ын хэрэглэгчид, Германы автомашин үйлдвэрлэгчид, Европын эмийн үйлдвэрүүд алдагдал хүлээж байгаа гэж эдийн засаг, санхүү, бизнесийн салбарын экспертүүд, ажиглагчид үзэж байна.