Колумб улсын баруун хэсгийн Кали хотын хүн ихтэй гудамжинд тэсрэх бөмбөгтэй ачааны автомашин дэлбэрсний улмаас 5 хүн амь үрэгдэж, 36 хүн шархдаж, бэртэж гэмтсэн талаар эрх баригчид мэдээлжээ. Тус хэмжээгээрээ улсдаа гуравт жагсдаг, 2 сая гаруй хүн амтай том хот юм.
Тэсрэх бөмбөг ачсан машинаар үйлдсэн тухайн халдлагыг үйлдэгчид Марко Фидель Суарезын нэрэмжит агаарын зэвсэгт хүчний сургуулийг онилжээ. Энэхүү халдлагын ард Колумбын салан тусгаарлагч EMC бүлэглэл байгаа хэмээн тус улсын Батлан хамгаалахын сайд Педро Санчез буруутгасан байна.

Дэлбэрэлттэй холбогдуулан ойр орчмын хэд хэдэн байшин, барилга болон сургуульд байсан хүмүүсийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, том хэмжээтэй ачааны автомашинуудыг хотод нэвтрэхийг түр хориглож байгаагаа Кали хотын дарга зарласан байна. Тус хотын дарга Алехандро Эдер пүрэв гаргийн халдлагын ард хар тамхины наймаатай холбоотой террористууд байсан хэмээн буруушааж, халдлагыг үйлдсэн этгээдүүдтэй холбоотой үнэн зөв мэдээлэлд 10 мянган ам.долларын мөнгөн шагнал амлажээ.
Колумб улсад сүүлийн саруудад хүчирхийллийн гэмт хэргүүд нэмэгдэж, аюулгүй байдлын албаныхан болон босогчид, хагас цэрэгжсэн бүлэглэлүүд болон хар тамхины бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн гарах болсон юм. Пүрэв гарагт мөн тус улсын баруун хойд хэсгийн Меделлин хотод зэвсэгт бүлэглэлийнхэн дрон ашиглан, цагдаагийн нисдэг тэргийг унагаж сүйрүүлсний улмаас 12 хүн амь үрэгдсэн байна. Түүнчлэн өнгөрсөн 6-р сард Кали хотын ойролцоо улс төрийн зүүний хүчний зэвсэгт бүлэглэлийнхэн тэсрэх бөмбөг, галт зэвсгээр олон тооны халдлага үйлдсэний улмаас 7 хүн амь үрэгдсэн бол мөн тухайн сард нийслэл Богота хотноо сонгуулийн сурталчилгааны кампанит ажилдаа оролцож явсан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, 39 настай улстөрч Мигель Урибе толгойн тус газраа буудуулсны улмаас энэ сард нас барсан билээ.