“Netflix”-ийн хамгийн амжилттай бүтээлийн нэг болох “Strangers Things” цувралын гол дүр Элевиний дүрийг бүтээсэн жүжигчин Милли Бобби Браун нөхөр Жейк Бонжиовигийн хамтаар бяцхан охин үрчилж авснаа зарласан байна. 21 настай жүжигчин Милли Бобби Браун энэ талаар инстаграм хуудсаараа мэдээлж, “Энэ зун бид хөөрхөн бяцхан охин үрчилж авсан. Бид эцэг эх болж байгаа. Амьдралынхаа дараагийн энэ үе шатыг эхлүүлж байгаадаа үнэхээр баяртай байна” хэмээн бичжээ. Хос нийгмийн сүлжээнд хийсэн мэдэгдэлдээ охиныхоо нэрийг зарлаагүй байна.
Ийнхүү Милли Бобби Браун, Жейк Бонжиови нар гэрлэлтээ батлуулснаас 15 сарын дараа бяцхан охин үрчилж авлаа. Сонирхуулахад, жүжигчин Милли Бобби Брауны нөхөр болох Жейк Бонжиови нь алдарт “Бон Жови” рок хамтлагийн дуучин Жон Бон Жовигийн хүү юм. Тэд дундын найзаараа дамжуулан, анх уулзаж, танилцжээ. Хос одоо жижиг фермд мал аж ахуй эрхлэн амьдардаг ажээ.
Жүжигчин Милли Бобби Браун “Strangers Things” цувралын эцсийн буюу 5-р бүлэгт өнгөрсөн оны сүүлчээр тоглож дууссан байна. Уг цувралын 5-р бүлгийн эхний 4 анги ирэх 11-р сарын 26-нд, дараагийн 3 анги 12-р сарын 25-нд, хамгийн сүүлчийн анги нь 12-р сарын 31-ний өдөр “Netflix”-ээр цацагдана.