С.Баярцогт: Дөнгөж намд орж ирчхээд намын дарга болно гэж болохгүй


АН-ын Үндэсний бодлогын хороо одоо хуралдахаар гишүүд нь цуглаж байна.

АН-ын ҮБХ-ны гишүүн С.Баярцогт: Улс төрийн намын тухайн хуулийн тодорхой заалтууд жил хойшилсон байсан. Үүнийг дахиад жил сунгасан. Бүх намууд зохион байгуулалттай холбоотой асуудлаа 2025 оны 12-дугаар сарын 31-ээс өмнө шийдэх ёстой. Энэ бол нэг тусдаа асуудал. Харин манай намын даргын хувьд эвслийн Засгийн газраас Ардчилсан намыг гаргасантай холбогдуулаад өөрөө ажлаа өгье гэдгээ хэлсэн. Хувь хүнийхээ хувьд шийдвэрээ гаргасан, нөгөө талд улс төрийн зөвлөлийн хуралд ямар шалтгаанаар намын даргынхаа ажлаа өгч байна гэдгээ хэлсэн. Ингээд өнөөдрийн хуралдаанаар намын шинэ даргын асуудлаа шийдвэрлэж өгөөч, санал тавьсанаас хойш 3 сар өнгөрлөө гэсэн ийм зүйлүүд яригдсан. Энэ хоёр тусдаа асуудал.

Зөвхөн манай нам биш бусад бүх намууд дүрэм, үзэл баримтлалаа улс төрийн намын тухай хуульд нийцүүлж 2025 оны 12-дугаар сарын 31-нээс өмнө гаргаж өгөх ёстой. Улс төрийн нам амьд организм, үйл ажиллагаа тасралтгүй явуулж байх ёстой. Үүний дагуу одоо байгаа дүрэм хүчинтэй, улс төрийн намын тухай хуулийн дагуу ч хүчинтэй.

   Тэр утгаараа манай дарга ч хүчинтэй, намын даргын тавьж буй асуудал ч хүчинтэй. Өнөөдрийн ҮБХ-ны хурлаар хэлэлцэж буй асуудлууд ч хүчинтэй. Хууль болон Ардчилсан намын дүрмийн дагуу явагдаж буй.

Ардчилсан нам дотор фракц хоорондын зөрчил байлаа шүү дээ. Энэ асуудал өнөөдрийн хурлаар цэгцэрч, нэг талдаа гарах уу?

   Та нар харж байгаа байх. Манай нам хоёр том хэсэгт хуваагдсан байсан. Энэ хуваагдал 2023 онд алга болсон. Бага багаар илааршиж байгаа. Үзэл санаан дээр суурилсан, нас сонирхлоороо нэгдсэн фракцууд байсан. Гэхдээ одоо фракцын шинжтэй том асуудал, зөрчил байхгүй. Нэр дэвшиж байгаа хүмүүс өөрсдийнхөө байр суурийг л илэрхийлж байгаа. Энэ бол хувь хүний л байр суурь. Баруун төвийн үзэлтэй, либериал намын хувьд манай намд бодлогын зөрчилдөөн байхгүй.

Намын даргыг сонгох журам гэж буй. Намын даргад өрсөлдөх хүн ҮБХ-д 4 жил ажиллачихсан байх ёстой гэсэн хязгаарлалт бий. Намын даргад өрсөлдөх гээд нэрээ дэвшүүлж буй хүмүүсийн хувьд боломжгүй болчхоод байна. үүнийг өөрчлөх шаардлага байна уу?

Үүнийг ҮБХ-ны гишүүд шийдэх ёстой. Миний хувийн байр суурь бол ямар нэг хувь хүнд, үйл явдалд зориулж намын дүрэм, журмыг өөрчилж болохгүй. Аливаа зарчим мерит дээр суурилах ёстой. Дөнгөж намд орж ирээд, ҮБХ-ны гишүүн болчхоод намын дарга болно гэж болохгүй. Бүх нам институц болж төлөвших ёстой.

Та Ардчилсан намын даргад нэр дэвших үү?

Би 2023 онд яагаад намын даргад нэр дэвшиж байсан бэ гэхээр тэр үед 9 гишүүнтэй. Тэд маань дотроо хоёр хуваагдчихсан, манлайлал үзүүлэхэд хүнд байсан. Тэр үед намаа нийлүүлье гээд нэр дэвшсэн.  

Одоо манай нам 42 гишүүнтэй. Нийт сонгогчдынхоо бараг 50 гаруй хувийн саналыг авсан нам учраас парламентаас намын дарга нь байх ёстой гэсэн байр суурийг баримталж буй. Тиймээс намын даргад өрсөлдөхгүй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *