Тарваган тахал туссан хүн нас барж, сургууль, цэцэрлэгүүдийг хаалаа


Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваган тахал тусан, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байсан өвчтөн өчигдөр орой нас барлаа. Уг хүний ойрын хавьтал 88 хүнийг тусгаарлаад байгаа аж. Тэднээс авсан шинжилгээгээр 22 хүний хариу эерэг гарчээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс яаралтай хуралдан, Цагаан-Уул, Мөрөн сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэв.

Цагаан-Уул, Мөрөн суманд тарваган тахлаар хүн өвчилсөн нь шинжилгээгээр батлагдсан тул тус аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Мөрөн, Цагаан-Уул суманд 9 дүгээр сарын 8-15 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, соёл урлаг, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх секц дугуйлан, спорт заал, биллиард, РС тоглоомын газрын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 7-ны өдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл (7 хоног) зогсоолоо. Энэ хугацаанд сургалтын хөтөлбөрийг тасалдуулахгүй теле болон цахим хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Боловсролын газрын дарга (О.Бадраа), Мөрөн, Цагаан-Уул сумын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэг болголоо. 0-8 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагт зохицуулалт хийх, цахимаар ажиллах боломжоор хангах, хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болголоо.

Мөрөн, Цагаан-Уул сумаас иргэдийн гарах хөдөлгөөнийг хязгаарлав.

Зах, худалдаа үйлчилгээний төв, ресторан, баар (лоунж, кафе), согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг 9 дүгээр сарын 7-ны өдрийн 23:00 цагаас 9 сарын 10-ны өдрийн 23:00 цаг хүртэл (72 цаг) зогсоолоо.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд шаардлагатай цэгүүдэд хяналтын постыг ажиллуулах, түр хугацаагаар зогсоосон үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Биеийн тамир, спортын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Авто тээврийн төв, Мөрөн, Цагаан-Уул сумын Засаг дарга, аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч нарт даалгав.

Тарваган тахлын голомтод бүс нутагт зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх, халдвар хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөхийг тус аймгийн Онцгой комисс иргэдэд уриалж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *