Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УОК болон ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас мэдээ, мэдээллийг тухай бүрт сонсож, холбогдох үүрэг чиглэл өгч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч байна. Өчигдөр буюу есдүгээр сарын 8-нд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, өнөөдөр /2025.09.09/ УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар тус аймгийн Онцгой комисстой цахим хурал хийлээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг Хөвсгөлд очин, газар дээр нь ажиллаж байгаа бол холбогдох байгууллагын албан хаагчид хорио цээрийн дэглэм сахиулж байна.
Тиймээс цаашид хөл хорионы дэглэмийг үргэлжүүлэх, иргэдийн орох, гарах хөдөлгөөнд тавих хараа хяналтыг сайжруулах, байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, мэдээллийг цаг алдалгүй солилцох, халдваргүйтэл, ариутгал хийж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай зохион байгуулж ажиллахыг хурлын үеэр чиглэл болголоо.