Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын нөхцөл байдалтай холбогдуулан, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр тус аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ. Тус аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд тарваган тахлаар 3 хүн өвчилж, 1 нь нас барсан.
Тус аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Мөрөн, Цагаан-Уул сумыг 9 дүгээр сарын 8-15-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн багийнхан газар дээр нь ажиллаж, холбогдох байгууллагын алба хаагчид хорио, дэглэмийг сахиулан ажиллаж байна.
Тиймээс цаашид хөл хорионы дэглэмийг үргэлжүүлэх, иргэдийн орох, гарах хөдөлгөөнд хяналт тавьж, байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, мэдээллийг цаг алдалгүй солилцох, халдваргүйтэл, ариутгалыг хийж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахыг хурандаа Т.Баярхүү энэ үеэр даалгалаа.
