Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс Монгол” компанийн хамт олон 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан байна. Тус компанийн тарьсан модны тал хувь нь бараг үхсэн талаар нийгмийн сүлжээнд мэдээлэл түгэв. Үүнд тус компанийн хэвлэлийн алба дараах тайлбарыг өглөө.
2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан, Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжихээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн 8 компани 783 га талбайд 536 мянган ширхэг мод тарихаар төлөвлөжээ. Үүний 330 мянгыг нь өнгөрсөн тавдугаар сард тарьсан байна. Эдгээр модны 70 хувь нь шилмүүст, 30 хувь нь навчит мод байв.
Тарьсан модны 75 хувь нь ургаж байгаа бол 25 хувь нь үхсэн байна. Үхсэн моддыг намар сугалж, оронд нь шинэ тарьц суулгах аж. Хархорум хотод усалгааны систем байхгүй. Гүний худаг гаргасан ч ус муутай байсан гэнэ. Үүнээс болж ийм олон мод үхсэн хэмээн “Эрдэнэс Монгол” нэгдэл тайлбарлажээ.
