2024 оны сонгуульд ялсан Л.Оюун-Эрдэнэ 2025 оны сонгуульд ялагдсан


МАН-ын бага хурал дээр Л.Оюун-Эрдэнэ “АН-ыг гэрээгээ зөрчсөн, тэдэнтэй хамтрахгүй гэвэл би ёс зүйн хувьд ажлаа өгөх ёстой” гэж хэлсэн байдаг. Түүний энэ өгүүлбэрийг МАН-ын бага хурлын хэн нэгэн гишүүн нууцаар бичиж аваад, олон нийтэд цацчихсан. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа хүрдэг байх хэрэгтэй. Тэр харин тэгсэнгүй.

АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргахаар МАН-ын бага хурал шийдвэрлэсэн ч Л.Оюун-Эрдэнэ өөрөө Ерөнхий сайдын суудалдаа үлдэхээр “Итгэл үзүүлэх тухай” тогтоолын төсөл барин УИХ-аар хэлэлцүүлэв. АН нь Засгийн газраас гарч байгаа тухайгаа мэдэгдчихээд байхад л тэр шүү дээ. “АН засгаас гарвал ажлаа өгнө. Ёс зүйн хариуцлага хүлээнэ” гэсэн түүний үгс ийн Тусгаар тогтнолын ордонд цуурай болон замхарлаа.  

“Огцрох амархан, амархан. Би санал нэг байгаа. Надад албан тушаалтай зууралдаад байгаа юм байхгүй. Намайг албан тушаалтайгаа зууралдаад байна, нэг их Ерөнхий сайдын ажилд дуртай хүн гэдэг өнцгөөс хараад хэрэггүй ээ”. Энэ бол 2025.06.02-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг.

Гартаа “Надад итгэл үзүүлээч. Ерөнхий сайдаар маань үлдээгээч” гэсэн гуйлгын бичиг барьчхаад, амаараа ийн хэлж байлаа, тэр. “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэсэн ардын зүйр цэцэн үг бий.

Сонгогчдыг төлөөлөх ажлаа хийхгүй хэрнээ сандал суудалтай зууралдаад л явна

Л.Оюун-Эрдэнийг ийн овлигогүй аашлахаас ч өмнө 2025.05.22-нд АН-ын дарга Лу.Гантөмөр “Би намын даргын ажлаа өгнө. Хэзээ, хэрхэн гэдгээ л ярина. Хамтарсан Засгийн газар нь уначихсан байхад намын дарга хэвээрээ байна гэдэг утгагүй” гэж мэдэгдсэн. Тэр сая АН-ын тамгыг О.Цогтгэрэлд гардууллаа. Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, үндсэн дүрмийнхээ дагуу сонгууль явуулан, АН-ын даргын албыг дараагийн хүнд нь шилжүүлэв. Эр хүн хэлсэндээ гэдэг чинь энэ. Удирдагч хүн нэг л амтай байх ёстой юм. Тэгтэл Л.Оюун-Эрдэнэ?

“Албан тушаалтай зууралдаад байгаа юм байхгүй” гэж хэлсэн атлаа тэр одоо юу хийгээд байна вэ? УИХ-ын гишүүний ажлаа тэр Ерөнхий сайд байхдаа ч хийгээгүй, Ерөнхий сайд биш болсон хойноо ч хийсэнгүй. Өөрсдийнх нь тодорхойлдгоор УИХ бол бага ард түмэн. Ард түмний төлөөлөгчийн ажлаа огт хийдэггүй Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн МАН-ын даргын сонгуулийн сургаар холын Солонгосоос Монголд морилж, гадаад далайгаас Цэнхэрийн рашаанд буув. Монголын ард түмний төлөө биш, МАН-ын даргын суудлын төлөө. Сонгогчдыг төлөөлөх ажлаа хийхгүй хэрнээ сандал суудалтай зууралдаад л явна. Хэлсэн үг нь агаарт сарниж, хийж буй үйлдэл нь сандал суудал хавиар эргэлдэж байна.

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг өчигдөр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадааОдоогийн намын дарга бол ялсан намын дарга. Улс төрийн нөхцөл байдал ийм болоод л намын даргыг нь авах тухай ярьж байгаа юм шиг боловч үндсэндээ энэ хүн өнгөрсөн сонгуульд дийлэнх олонхын саналыг буюу 68 гишүүнийг ялуулж чадсан. Тийм болохоор энэ хүн намын дүрмээрээ явах ёстой. Гэтэл бид ялалт авч ирсэн биш, ялж чадаагүй хүнээ хүртэл Ерөнхий сайд болгочхоод явж байгаа тохиолдол байна” гэжээ.

2024 оны УИХ-ын сонгуульд МАН ялж, 68 суудал авсныг, тэр сонгуульд МАН-ыг Л.Оюун-Эрдэнэ удирдаж орсныг хэн ч үгүйсгэхгүй. Харамсалтай нь тэр 68 гишүүн нь суудаг УИХ нь түүнд итгэл үзүүлээгүй. “Надад итгэл үзүүлээч” гээд Л.Оюун-Эрдэнийг гуйгаад ороход нүүрээ буруулсан. Бүгд л харсан.

Бүх ард түмний сонгуульд ялсан ч бага ард түмний дундах сонгуульд ялагдсан

Итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцээд, санал хураахад 82 гишүүн оролцож, 44 нь буюу 53.6%-ийн саналаар түүнд итгэл үзүүлээгүй. Уг нь түүнийг 64 гишүүн дэмжсэн бол тэр Ерөнхий сайдаараа үлдэх байв. Намаа сонгуульд удирдаж ороод ялуулсан удирдагчдаа санал өгөх боломжтой 68 гишүүн түүнд байлаа. Өөр намын гишүүдийг ч царайчлахгүйгээр шууд ногоон гэрлээр гарах боломж түүнд байлаа. Гэвч тэр ялагдсан. Ард түмний төлөөллийн байгууллагад тэр өөрөө “Итгэл үзүүлэх тухай” тогтоолын төсөл барьж орон, санал хураалгаад, ялагдсан.

2024.06.28 онд орон даяар явуулсан санал хураалтаар тэр ялсан бол 2025.06.02-нд ар түмний төлөөллийн төв байгууллага УИХ-ын танхимд өөрийнхөө явуулсан сонгуульд тэр ялагдсан. Бүх ард түмний сонгуульд ялсан ч бага ард түмний дундах сонгуульд ялагдсан. Ялгаагүй л санал хураалтаар бүгдийг шийдсэн.

Ялгаатай нь өнгөрсөн жилийн сонгуульд сонгогчид өөрсдөө санал өгсөн бол өнөө жилийн “сонгууль”-д сонгогчдын төлөөллүүд нь санал өгсөн. Асуудлыг олонхоороо шийдсэн шүү дээ, Л.Оюун-Эрдэээнэ! Ялсан намын дарга гэж даналзахаа больж, ялагдлаа хүлээн зөвшөөрвөл яаж байна.


One response to “2024 оны сонгуульд ялсан Л.Оюун-Эрдэнэ 2025 оны сонгуульд ялагдсан”

  1. Сонгуульд намаа маш сайн удирдаж орсон амжилт ч үзүүлсэн.Харин МАНАН-гийханд таалагдаагүй ,ард түмнийхээ амьдралын чанарыг нэмэгдүүлэх,баялагтаа эзэн байх,шударга ёсыг авилгатай тэмцэхээр ямарч хамаагүй аргаар Буулгах ажлыг хийсээр л байна.Сонгуульд өөрөө тойрогт очоод бусад намын дарга нараа Уриалаад ч нөгөөдүүл нь Жагсаалтаар л гишүүн болцгоосонг бүгд л мэдэж байгаа.Захиалгат мэдээллээр ,троллуудаараа ЗГ-т хамт ажиллаж байгаад Түгжилдсэн хэдэн сайд нарынх нь тухай тэд Яагаад Түгжилдэх болсон талаар нэг ч мэдээлэл хэн ч өгөхгүй 2нүүр гаргаад байгааг монголчууд харж л байгаа.Одоо түгжилдэх шалтгааныг нь одоогийн ЗГ-т ажиллаж байгаа сайд нараас мэдээлэл аваад олон түмэнд хүргэчих.Хамгийн муухайн Унасан дээр нь дэвсэнэ гэдэг шиг ийм Ёозгүй мэдээлэл тавихаа больчихмоор эсвэл Захиалагчаа хэлчихмээр юм даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *