Г.Занданшатарыг баярлуулсан “Сибирийн хүч 2”


Ерөнхий сайд Г.Занданшатар баяртай байна. “100 жилд биш, 1000 жилд хэрэгжих том төсөл” гэсэн тодотголтойгоор энэ баяраа олон нийттэй хуваалцлаа. “Монгол Улсаар хийн хоолой дамжуулах “Сибирийн хүч 2” бол урт хугацааны маш том төсөл. Монгол Улсад их боломж олгох чухал бүтээн байгуулалт хэрэгжих үндэс суурь тавигдсанд баяртай байна” хэмээн тэр мэдэгдэв.

Энэ сургаар монголчууд асар их мөнгө төсөөлж, зарим нь тоо бодов. Зарим хүний төсөөлдөг шиг барагдашгүй их мөнгө энэ төслөөс манайх олохгүй. Газраа түрээслүүлсний төлбөрт жилдээ 1.7 их наяд төгрөг авах юм байна. Өмнөговь аймгаас нэг жилд улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгө гэсэн үг. Гэхдээ яах вэ. Угжны аймгуудаа хангалттай тэжээх мөнгө эндээс орж ирнэ.

Дэлхийд байгалийн хийгээр тэргүүлэгч гэдгээ олон улсад мэдрүүлэх гэсэн үү “Сибирийн хүч” хэмээн нэрлэсэн энэ хоолойг газар нутгаараа дамжуулах гэж монголчууд мөн ч их хүслээ. Мөн ч их хичээлээ. Энэ асуудлыг хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд хүртэл томилов. ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан, БНХАУ руу татах хийн хоолойн төслийг хөдөлгөх ажлыг Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд З.Энхболдод Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа хариуцуулсан. Тэр ийм хариуцлагатай үүрэг хүлээгээд, юу хийснийг бүү мэд. Тэр үнэхээр нөлөөлөв үү, цаг нь ингэж таарав уу. Ямартай ч  түүнийг ТҮГЭС болсноос хойш 6 сарын дараа Монгол, Хятад, Орос 3 улсын Ерөнхийлөгч нар энэ асуудлыг нэг алхам урагшлуулав.  

Өмнөх Ерөнхий сайдын санаа тавьсан ажлын үр дүн өнөөгийн Ерөнхий сайдын үед ийн гарч байна. Л.Оюун-Эрдэнийн ажлын үр дүнг хүртэж байгаа Г.Занданшатар баярлах нь ч аргагүй юм даа.

ОХУ Сибирь дэх байгалийн хийн орнуудаа ашиглахаар 2017 онд “Дорнын хий” хөтөлбөр баталж, Зүүн Сибирь, Алс Дорнодын хийн нөөцийг ашиглах, БНХАУ-д нийлүүлэхээр зорьсон юм. Гэхдээ уг хөтөлбөрт Монголыг тусгаагүй. Гэсэн ч Монгол Улс тэр үед уг хоолойг газар нутгаараа дамжуулахаар том мөрөөдөж, “Алсын хараа 2050” баримт бичигтээ тусгав.

Монголчууд дэмий мөрөөдөөгүй. Учир нь Украин, Крымийн асуудлаас үүдэлтэйгээр ОХУ Азийг ихээхэн сонирхож эхэлсэн цаг. Ингээд хойд, урд хоёр хөрш хоорондоо шууд хиллэдэг хэсгээрээ хийн хоолой татахаар зураг зурж, төсөл боловсруулж эхэлсэн юм. Чаяндин, Ковыктагийн ордын нөөц, хүчин чадал төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй болсон тул Ямалаас хоолой татахаар төлөвлөжээ.

Үүнийгээ Монголоор дайруулахгүй гээд Манжуураар тойруулалтай биш. Тэгээд л Орос, Хятад хоёр дундаа байгаа Монгол, Казахстанаар дайруулахгүйн тулд Монгол-Алтайн нуруун дээгүүр хийн хоолой татахаар зүтгэсэн байдаг. Жилийн бүх улиралд цасаар шуурч байдаг тэр газраар, цас мөсөн оргил дээгүүр аварга том хоолой татна гэдэг яггүй. Хүний санаанд орж, техникийн хүч хүрч болох ч их л зардалтай. Тооцоогүй ямар ч асуудал дараа нь үүсэхийг бүү мэд.

“Сибирийн хүч 2” хоолойг татах эсэх нь бас л 8 жилийн дараа дөнгөж шийдэгдэж байна

Үүнийг монголчууд хоёр хөршдөө ойлгуулж, Монгол-Алтайн нуруун дээгүүр хийн хоолой татахыг нь болиулан, Монголын тал нутгаар дайруулах шийдвэрт хүргэсэн юм. Уг хоолойг өөрийнхөө нутгаар явуулахаар Монголтой өрсөлдөж байсан Казахстан нэр дэвшигчийн тооноос хасагдаж, Монгол ганцаар үлдсэн ч энэ ажил 8 жил гацав.

В.Путин 2019 оны 9 дүгээр сард хийн хоолойг Монголоор дамжуулах боломжтой эсэхийг судлахыг үүрэгдсэнээр 12 дугаар сард “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер, Шадар сайд Ө.Энхтүвшин нар “Оросын хийг Монголын нутгаар дамжуулан Хятадад нийлүүлэх боломжийн талаар хамтарсан үнэлгээ хийх тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Үүний дараа 2022 оны 1 дүгээр сард “Газпром” компанитай хийн хоолойн ТЭЗҮ-г эцэслэн тохирчээ.  Ингээд ТЭЗҮ бэлэн болж, Орос ажлаа эхлэхэд хэзээд бэлэн болов.

Хийгээ зарах хэрэгцээ хойд хөршид бий. Түүнийг нь авах хэрэгцээ урд хөршид бий. ОХУ-аас Европын улсууд байгалийн хий авахаа зогсоосон тул олборлож буй хийгээ Ази руу яаралтай зарах шаардлага ОХУ-д үүсээд буй. Үүн дээр нь дөрөөлөн, БНХАУ хийг нь Оростоо зардаг үнээр нь, хямдхан авахаар гүрийв. Орос гадаадад нийлүүлдэг үнээрээ, дотоодынхоосоо арай ахиу үнээр өгөхөөр гөжив.  Эцэст нь тэд үнээ тохирчээ.

8 жилийн дараа ажил ийн урагшиллаа. Гэвч бид баярлах болоогүй. “Сибирийн хүч 2” төслийг Монгол Улсаас “Эрдэнэс Монгол” ХХК, ОХУ-аас “Газпром” НХН, БНХАУ-аас “CNPC” корпорац хариуцдаг. “Сибирийн хүч 2” эхлэх өдий байна. “Сибирийн хүч 1” хоолойг саная. 2006 онд В.Путин Бээжинд айлчлахдаа ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх санамж бичиг байгуулснаар энэ хоолойн түүх эхэлжээ. Гэвч 8 жил ярилцаж байж 2014 онд гэрээ байгуулан, 3371 км урт уг хоолойг 2019 оны зун татаж дуусган, 2019.12.02-нд ашиглалтад оруулсан. Орос энэ хоолойгоор жилд 38 тэрбум шоо метр хий Хятадад нийлүүлдэг. Үүнийгээ 44 тэрбум шоо метр болгож нэмэхээр тэд сая тохирчээ.

Тэгвэл “Сибирийн хүч 2” хоолойг татах эсэх нь бас л 8 жилийн дараа дөнгөж шийдэгдэж байна. Одоо гэрээ байгуулна. Тэгж байж л энэ төслийг хэрэгжүүлэх нь баталгаатай болно.


One response to “Г.Занданшатарыг баярлуулсан “Сибирийн хүч 2””

  1. Энэ гайтай төслийг явуулах гэж занданшатарыг оросууд дэмжсэн бна. Нэрээ яасан гайтай юм бэ! Эх орноо худалдах гээд бгаа юм бол ард түмэн босно шүү!

Leave a Reply to Ккккккк Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *