Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайханмод гэх газарт 2 настай хүү алга болоод байна. Тэнд мод бэлтгэж байсан иргэн Ц-ийн 2 настай хүү П алга болжээ. Түүнийг машиндаа унтаж байх хойгуур эцэг, эх нь мод ойртуулаад ирсэн аж. Тэр хооронд хүү алга болсон байна. Түүнийг эрэн хайж буй багт тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын сэтгэлзүйч, нийгмийн ажилтан багтжээ.
Сайханмод гэдэг газар нь Тариалан сумын төвөөс 28 км зайтай аж. Уг газарт Тариалан сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, Гал түймэр унтраах 46-р ангийн бие бүрэлдэхүүн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, сумын Цагдаагийн тасаг, малчид, иргэд, Уяачдын холбоо, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн нийлсэн 200 гаруй хүн 38 машин техниктэйгээр уг хүүг хайж байна.