Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүргийн дагуу ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэрэгтэй аврах баг өчигдөр Хөвсгөл аймаг руу нислээ. Уг нисэх баг тус аймагт алга болсон хүүг хайхад агаараас дэмжлэг үзүүлж байна. Мөн орон нутгаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайханмод гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/ ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон аж. Энэ тухай дуудлага 2025.09.17-ны 16:57 цагт онцгой байдлын албанд ирсэн байна.
ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх аврах, салбар, аймгийн Цагдаагийн газрын Тариалан сумын сум дундын хэсэг, Тариалан сумын засаг даргын орлогчоор ахлуулсан мэргэжлийн анги, аймгийн ЗДТГ, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, нутгийн иргэд нийт 324 хүн, 1 нисдэг тэрэг, 1 эрэлч нохой, 4 дрон, 104 машин, 15 мотоцикл, 34 морьтойгоор уг хүүг хайж байна.