ЭХЭМҮТ-ийн ажилтан X: Эмчийн буруугаас болж 2 ээж 3 хоногийн зайтай саваа авахууллаа


Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтнууд эхнээсээ шүгэл үлээж эхэллээ. Тус эмнэлэгт дараалж гарсан эмчийн алдаанд эмч, сувилагч, ажилтнууд сэтгэл эмзэглэж байгаа ч олны өмнө гарч ярих зүрх зориг дутаж байгаагаа илэрхийлсээр байна. Эмнэлгийн удирдлагаас ирэх дарамт шахалт өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь эмч, ажилтнуудын амыг үндсэндээ үджээ. Шүгэл үлээхийг хүсэж байгаа ч ил гарах зориг дутсан тус төвийн ажилтан Х-тэй ярилцсанаа хүргэе.

——————————————————————————

-Танай ЭХЭМҮТ-д эмчийн буруугаас үүдэж, эх, хүүхдийн эрүүл мэнд хохирсон тухай мэдээлэл бидэнд ирсэн. Энэ үнэн үү?

– 9-р сарын 3-нд манай эмнэлэгт давтан төрөгч эмэгтэй төрөх гэж байсан. Тэр эмэгтэйн төрөлтийг тариагаар сэдээж, төрүүлэхдээ давтан төрөгчид тарих ёстой тарианы тунг хоёр дахин нэмж тарьсан байсан. Үүнээс болоод уг эхийн умай гэмтэж, урагдсан. Түүнээс болж эх, хүүхэд хоёр үхлийн ирмэгт очсон айхтар хүндрэл гарсан. Та тэрийг сонссон болов уу гэж тааж байна.

Энэ хүндрэлээс болоод 3 кг хүүхэд ухаангүй болж, Эрчимт эмчилгээний тасагт аппаратад орсон. Тэр нярайн тархи ямар нэгэн хариу урвал үзүүлэхгүй хүнд байдалтай байгаа.

Ээжийнх нь умай урагдсаны улмаас 3 литр цус алдаад, Эрчимт эмчилгээний тасагт цус сэлбүүлж, эмчилгээ хийлгэн, биеийн байдал нь илааршиж, Эрчимт эмчилгээнээс гарсан. Ээжийнх нь бие одоо дээрдэж байгаа ч түүний умайг авчихсан. Мэдээж задарч, урагдсан умай буюу бидний хэлж заншсанаар савыг тухайн хүний биед үлдээж болохгүй. Хэрвээ тэр эмэгтэйд умайг нь үлдээсэн бол амийг нь аврах боломжгүй болно.

Умай урагдахад, дотор нь байсан ураг эхийнхээ хэвлийд орсон. Төрөөд агаараар амьсгалах ёстой нярай эхийн гэдсэн дотор агааргүй орчинд орсон тул эмч түүнийг гаргаж авсан ч ухаан орохгүй байгаа. Ер нь гайхамшиг гэж байдаг бол тэр хүүхдэд амьдрах боломж 10 хувь л байгаа болов уу. Магадгүй амьд үлдлээ гэхэд тэр хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай, хэвтрийнх болох магадлал 90 хувь гэсэн үг.

Тухайн эхийн төрөх ажиллагааг А.Гэрэлмаа гэдэг эмч удирдсан. Тэр эмч давтан төрөгч ээжид төрөлт дэмжих зорилгоор тарьдаг тариаг зохих стандарт тунгаас 2 дахин ихийг тарьсан. Энэ бол эмнэлгийн стандарт зөрчсөнөөс гадна хүний амь насанд аюул занал учруулсан аюултай үйлдэл.

Давтан төрөгч ээжийн хувьд өмнө нь 2 удаа өөрөөрөө төрсөн, 2 охинтой. Өмнөх төрөлтүүд нь хэвийн явцтай байсан. Энэ удаагийн төрөлт нь өмнөхөөсөө нэлээн зайтай юм билээ. Энэ айл “Удам залгах хүүтэй болох нь” гээд хүүгээ их сайхнаар хүлээж байсан байгаа юм. Гэтэл тэгж их хүлээсэн хүү нь эмчийн алдаанаас болоод ухаангүй, аппарат залгаатай байж байна.

Уг нь тухайн эмэгтэйг хэвийн төрөх боломжтой гэж хяналтын явцад эмч нар дүгнэсэн байсан. Тэр ч үүднээсээ төрөх замаар нь төрүүлэх шийдвэрийг эмч нар гаргасан байгаа юм л даа. Ерөөсөө түүнд хэтрүүлж тарьсан тарианы хүчээр хэт базлалт үүсээд, дээрх аюултай явдал болсон. Тарианы тунг хоёр дахин ихэсгэсэн нь эх, үрсийг ийм хүндрэлд хүргэсэн байгаа юм.

-Өөр бас 1 эмэгтэйн савыг авсан тухай яриа байна лээ. Энэ тухай танд мэдээлэл бий юү?

-9-р сарын 6-нд Дарханаас ирсэн давтан төрөгч, 2 ихэр хүүхэд тээсэн эмэгтэйд бас аюул тохиолдсон. Тухайн эмэгтэй өмнө нь бас 2 удаа төрж байсан. Энэ удаа ч төрөх замаараа төрөх төлөвлөгөөтэй. Жирэмсний явцыг нь эмч хянасан, хугацаа нь гүйцсэн жирэмсэн эмэгтэй. Ихэр хүүхдийг төрөх замаар нь төрүүлэх шийдвэрийг эмч нар гаргасан.

Төрүүлэх явцад ээжийн эхэс ховхорсон тул 2 хүүхдийн амь насыг аврахын тулд яаралтай кесар хагалгаа хийсэн юм билээ. Бас л нөгөө А.Гэрэлмаа эмч. Хагалгаа хийснээс хойш 2-3 хоногийн дараа тухайн ээжийн гэдэс нь дүүрч, томорч эхэлсэн. Хагалгааны үед халдвар орсноос үрэвсэн, тухайн ээжийн гэдэс түгжирсэн байгаа юм. Хажууд нь хэвтэж байсан ээжүүд “Гэдэс нь хагарах гэж байгаа юм шиг орь дуу тавьж, ёолсон” гэж ярьж байсан шүү. Тэгж их ёолж, зовуурилсан гэсэн үг л дээ.

Өөр мундаг эмч нар тэр эмэгтэйд тусламж үзүүлж, хагалгаанд оруулсан байна лээ. Идээлж бугласан умайг нь уг хагалгаагаар авсан. Идээлсэн савыг нь авчхаар идээлэх нь зогсож, түгжрэл намдана. Тэр эхийн амь насыг манай эмнэлгийн өөр эмч нар аварсан.

-Нэг эмчийн буруугаас болж, ийм ойр ойрхон 2 ээж савгүй болчхож байгаа юм уу?

-Ерөөсөө 2-3 хоногийн дотор л энэ эмчийн гараар орсон 2 хүнд ийм аймаар ноцтой хүндрэл үүсэж байгаа юм.

-Яагаад ийм эмчийг ажиллуулаад байдаг юм бол. Эх нялхаст чадварлаг эмч олон биз дээ?

-Энэ жил манай ерөнхий захирал солигдоод, дотроо ажиллаж байсан хүн захирал болсон. Түүнийг захирал болоход уг нь манай эмнэлгийн эмч нар “Дотроосоо захирал томилогдлоо” гээд баяртай байсан. Гэвч тэр хүн захирал болоод л, “Өөрт нь таагүй ханддаг” гэдэг шалтгаанаар халаа солио хийж эхэлсэн. Өөрт ойр хүмүүсээрээ хэд хэдэн тасгийн эрхлэгчийг томилсон. Тэрний нэг нь Төрөх тасгийн эрхлэгчээр тавьсан Гэрэлмаа эмч юм л даа. Энэ Гэрэлмаа гэдэг эмч манай эмнэлэгт удаан ажиллаагүй. Өөр амаржих газраас манай эмнэлэгт ирээд удаагүй хүн байгаа юм.

-Эх, нялхсын эмнэлэгт хамгийн шилдэг эмч нар ажиллаж, эх, хүүхдэд тусламж үзүүлдэг гэж ойлгож ирсэн юм сан. Бусад амаржих газарт хүндрэл гарвал танай эмнэлэгт авчирч шийддэг биз дээ?

-Эх, нялхсын эмнэлэг уг нь өөрийн чинь хэлснээр энэ улсдаа хамгийн мундаг тусламж үйлчилгээг эх, хүүхдүүдэд үзүүлдэг. Үзүүлэх ч ёстой. Үзүүлж ч ирсэн эмч нартай эмнэлэг шүү дээ. Эмнэлгийн чухал тусламж үзүүлдэг тэр мундаг эмч нарыг сольж хольж, халж, чадвар муутай эмч нарыг авсан нь ийм олон хүндрэл, аюул үүсэх шалтгаан болоод байна. Үүнээс болж, эх үрс хохирч байгаа нь л аюул байна.

-Саяны хоёр том хүндрэлээс гадна өөр олон асуудал байгаа юм шиг санагдаж байна. Танд хэлэх тоо баримт бий юу?

-2024 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 100 мянган амьд төрөлтөд 20 орчим эх энддэг байсан. 2025 онд энэ захирлыг ажлаа авснаас хойш бүтэн жилд тохиолддогоос олон эндэгдэл гарсан. Бас жилд 2-3 нярайн эгэм хугардаг байсан бол энэ оны эхний 6 сард 23 хүүхдийн гэм хугалсан.

Эгэм хугарах нь тухайн хүүхдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой нөлөөлөхгүй ч тухайн хүүхдэд зовуурьтай. Эгэм хугарлыг тодорхой тохиолдолд анагаах ухаан хүлээн зөвшөөрдөг. Гэтэл энэ нь энгийн, өдөр тутам тохиолддог болчхож байгаа байхгүй юу. Жилд 2-3 тохиолддог эгэм хугарал хагас жилд 20 гаруй тохиолдоно гэдэг чинь бараг 20 дахин өссөн үзүүлэлт байгаа биз дээ.

Энэ бол төрөх өрөөг удирдаж байгаа тасгийн эрхлэгчийн үйл ажиллагаа, хараа хяналт, бэлэн байдал, бусдад нөлөөлөх чадвар, ажлын нөхцөл гэсэн зүйлээс хамаарч байгаа юм. Өөрөө өвчтөнд олигтой тусламж үзүүлж чадахгүй байгаа хүн бүхэл бүтэн улсын энэ том эмнэлгийн үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа нь харагдаж байгаа биз дээ.

Хамгийн гол нь эмнэлгийн удирдлага ийм асуудлыг хөндөхгүй, хариуцлага ярихгүй, шүүмж тавихгүйгээр өөгшүүлж, нууж байна. Энэ нь улам аюултай байдал үүсгэж байна. Үүнд энгийн эмч, сувилагч, ажилчид зовниж байна л даа.

Гэтэл хүний амь нас, эрүүл мэнд юугаар ч сольшгүй үнэ цэнтэй. Хохирсон хүмүүс мэдээж хэл ам хийнэ. Амь нас нь дээсэн дөрөөн дээр очсон юм чинь гомдолтой л байгаа байх. Бидний хамаатан байсан бол бас л тэгнэ шүү дээ.

Эмнэлгийнхэн бид хамгийн сайнаараа ажиллаад, ажиллаад биднээс шалтгаалахгүй хүндрэл, янз бүрийн юм тохиолдох эрсдэл байдаг. Үүнийг бид хамтдаа даван туулаад, багаараа ажиллаад л ард нь гардаг.

Энэ бол хамгийн сүүлийн л хоёр жишээ. Зөндөө л юм байгаа. Ийм эмч, тасгийн эрхлэгчтэйгээр манай эмнэлэг цаашдаа хэрхэн ажиллах бол гэдэг нь хэцүү л санагдаж байна. Чадвар муутай хүмүүс эрх мэдэлд оччихоор олон хүн хохирдог юм байна. Цаашдаа яаж ажиллах бол гэдэг нь тодорхойгүй. Эмч, сувилагч, асрагч бүр л хоорондоо сэмээрхэн “Яана аа, ийнэ ээ” болоод л байж байна даа.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.


4 responses to “ЭХЭМҮТ-ийн ажилтан X: Эмчийн буруугаас болж 2 ээж 3 хоногийн зайтай саваа авахууллаа”

  1. Мэдлэг чадвар муутай эмч бусдыгаа чирэх юмдаа .

  2. Болио. Гэрэлмаа эмч маш сайн эмч. Гаднаас ирж ажилласан гэхээр муу гэсэн үг юм уу. Ингэж ярилцлага өгч байгаа нь хэн болох нь тодорхой. Энэ төрөх тасгийн эрхлэгч насан туршдаа хийрпх сонирхолтой Ж.Энхтуяа биз. Өөрөө ч гэсэн өч төчнөөн алдаа гаргасан биз дээ.

  3. Дашаа гээд нэг юу ч мэдэхгүй авгай хүүхдийн доторын тасаг удирдаад эмч сувилагч нар нь жив жив гээд л байдаг байсан ЗАЙЛСАН бна лээ.Тэгсэн хувийн эмнэлэг нээсэн гэнээ хэн түүнд үзүүлдэг юм болоо кккк

  4. Арай ч дээ хамгийн том хариуцлага шүү дээ. Яагаад ийм хайнга байдаг байна . Үнэхээр хэлэх үг алга. Гомдмоор юм 🤨🤨🤨🤨🤨

Leave a Reply to Зочин Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *