Монгол Улс нэг иргэнээ аврахаар дээр дооргүй хөдөлж байна. Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт мод бэлтгэж байгаад 2 настай хүүгээ алдсан гэр бүлд туслахаар эрлийн багийнхан зүтгэж, зэргэлдээ аймаг, сумдын иргэд хүч нэмлээ. “Шунхлай” групп уг эрэлд 5 сая төгрөг хандивлав. Эрлийн багийнхан нисдэг тэрэг, дрон, эрэлч нохой гээд ашиглаж болох бүхий л зүйлээрээ хүүг хайж байна.
Хүү эсэн мэнд олдоосой. Монгол Улсын нэг ч гэсэн иргэн амьд мэнд байж, элэг бүтэн гэр бүлдээ эргэн ирэх нь чухал байна.
Гэтэл наана нь сэтгэл эмзэглүүлмээр, ёс бус зүйл хэчнээн ч гарав даа. Өөрөө бараг хүүхдээрээ мөртлөө өөр нэгнийгээ бүрэлгэв. Ид насандаа яваа ирээдүйн эх болох залуухан сайхан бүсгүйн аминд хүрлээ. Монгол Улс эмгэнэлтэйгээр хэдхэн хоногийн дотор 2 иргэнээ алдлаа. Бас нэг охин хүчирхийлүүлж, сэтгэл санааны хүнд дарамтад орж, сэтгэл санаа, бие махбодоороо хохирлоо.
Өөр нэг газар дөнгөж сургуулиа төгсөж, амьдралын их замд гарахаар бэлдэж байсан сайхан хүү үеийнхэндээ зодуулж, амиа алдав. Хэдэн арваараа зам тээврийн осолд өртөж нас барж, эрэмдэг зэрэмдэг болж байна. Үнэхээр уйтай, гунигтай дүр зураг.
Хүүхэд эсэн мэнд төрж, бойжин эх, эцэгтээ хайр, баяр жаргал мэдрүүлэн, гэртээ харих ёстой Эх, нялхсын эрүүл мэндийн төвд юу юу л болоод байна даа. Эхийн хэвлийд эрүүл саруул бойжиж байсан хүүхэд эмчийн буруугаас тархины үхэлд орж, хэд хоног тарчилсны эцэст хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Хэдхэн хоногийн зайтай 2 ч эх эмчийн алдаанаас болж, саваа авахуулан, дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болов. Бүр дөнгөж төрсөн бяцхан нярайн эгмийг эх баригч хугалж, аймшигтай өвдөлт, зовуурьт унагаж байна. Яах ёстой вэ?
Бид чинь хэдүүлээ билээ. Хэчнээнийг нь ингэж алдаж байна вэ? Хэдийгээр хоёр өөр цаг хугацаанд хоёр өөр үйл явдал мэт боловч нэгийг бодож, хоёрыг тунгаах ёстой юм.
Нэг хүүхдийнхээ халуун амийг аврах гэж хэчнээн их хичээл зүтгэл гаргаж байгааг харж байна. Угаасаа ингэх ч ёстой. Гэтэл өөр ертөнцөд байгаа мэт хар бараан мэдээ тасрахгүй байгаа нь харамсалтай. Монгол Улсын хүн амын өсөлтөд хувь нэмрээ оруулах залуухан сайхан эмэгтэйчүүдийг хороож, хохироож байна. Бидэнд нэг ч гэсэн иргэн хэрэгтэй.