Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн Шартолгод гэдэг газарт өчигдөр ачааны 2 машин мөргөлдөж, машины төмөр хийцэд 2 хүн хавчуулагджээ. Гурвантэс сумаас Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан “NXG4250” загварын зүтгүүр, Шивээхүрэн боомт руу явсан “CA4250” зүтгүүр хоорондоо мөргөлдөж, 2 машины жолооч нар бүхээгтээ хавчуулагджээ. Машиных нь бүхээг дотогш чихэгдэн, жолооч нар хоёул жолооныхоо хүрдэнд хавчуулагдсан аж.
Тэднийг гаргаж авахын тулд 9-р сарын 21-ний 18:10 цагт онцгой байдлын албанд хандсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар анги, Цагдаагийн тасаг, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд очиж, 19:13 цагт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгөв.