Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 100 жилийн ой тохиож байна. Тус сургуулийнхан ойгоороо олон ажил зохион байгуулж буй аж. Үүнээс хамгийн сонирхолтой нь 2075 он руу илгээх цаг хугацааны бортого юм. Одоогийн багш, сурагчид өнгөрсөн болон өнөөдрийн түүхээ бичиж, тусгайлан бэлтгэсэн хайрцагт хийж, битүүмжилнэ. Ингээд сургуулийн хашаан дотор газарт булах аж. 2075 он руу цаг хугацааны бортого илгээх ёслол 9 дүгээр сарын 27-ны бямба гарагт 9-10 цагийн хооронд болно.

Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургуулийн захирал үүнийг Монголд, сургуульдаа хэрэгжүүлэхээр санаачилж, залуу багш нар дэмжжээ. Уг бортогыг 50 жилийн дараа уг сургуулийн багш, сурагчид 150 жилийн ойгоороо нээх ёстой. Өнгөрсөн үеэс тэдэнд ирсэн захиа сонирхолтой байж болов уу?

Цаг хугацааны бортого гэж нэрлэдэг ийм үйл бэлэг гадаадын зарим улсад өргөн дэлгэрсэн байдаг. 2021.12.23-нд АНУ-ын генерал Роберт Лид зориулан босгосон хөшөөний тавцангаас хар тугалган хайрцаг олдсон юм. Уг хайрцаг дотор одоогоос бараг 130-аад жилийн өмнө бичсэн захидал олджээ.