Самраа сахиж үлдээд алга болсон эмэгтэйг нохдоор хайлгахаар боллоо


Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн, 46 настай эмэгтэй түүсэн самраа сахиж үлдээд, 9-р сарын 21-ний 15:00-16:00 цагийн орчимд алга болоод байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, хошууч Х.Мөнхбатаар ахлуулсан алба хаагчид, Тариалан сум дахь 46 дугаар ангийн албан хаагчид, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түүнийг эрж байгаа юм. Тэдэн дээр өнөөдөр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан албан хаагчид, Үндэсний аврах бригадын албан хаагчид, 2 эрэлч нохой, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид нэмэгдэж очлоо.

Иргэн Э отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн аж. Хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд, самраа сахиж үлдсэн эмэгтэй алга байжээ. Тэд түүнийг хүрээд ирнэ гэж оройдоо харзнасан ч шөнө нь ирээгүй тул маргааш өглөө нь өөрсдөө хайгаад олоогүй гэнэ.

Ингээд түүний нөхөр нь уржигдар /2025.09.22/ 14:40 цагт аймгийнхаа Онцгой байдлын газарт энэ талаар дуудлага өгчээ. Түүний самар түүж явсан Давааны-Ар багийн Дуургын нуруу гэдэг нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км зайтай.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *