2% татварыг байхгүй болгох нь 68 байртай хүнд л ашигтай


Хувьдаа 68 байртай хүн бидний дунд байгааг монголчууд мэдээд 10 жил болж байна. Түүнд маш олон хүн атаархаж, байрыг нь хурааж авах адын хүсэлд автаж байв. Хэн ямар хөрөнгөтэй байх нь хэнд ч хамаагүй. Чадаж байвал 68 өрөөтэй ордонтой болсон ч яадаг юм. Тэгвэл 68 өрөөтэй ордонг улсын бүртгэлд 1 үл хөдлөх гэж бүртгэдэг бол тус бүр ганц өрөөтэй 68 байрыг 68 үл хөдлөх гэж бүртгэдэг. Ялгаатай байгаа биз?

Ийм олон орон сууцтай хүн хэчнээн олон хүүхэд, ах дүү, садантай байлаа гээд тэдэндээ толгой дараалан байр авч бэлэглээгүй нь ойлгомжтой. Орон сууц бариулаад, блокоор нь худалдаж аваад зардаг эсвэл түрээслүүлдэг хүн байгаа. Ийм бизнес хийхийг хориглохгүй ч татвараар хязгаарлах шаардлага манайд байна.

Гэтэл үл хөдлөх хөрөнгө борлуулахад авдаг 2%-ийн татварыг болиулахаар Нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn системээр иргэн О.Батхүү, Б.Номин нар өргөдөл гаргав. Үүнд наанатай цаанатай хандахгүй бол нэг хэсгийг нь амьдралдаа ганц удаа төлөх татвараас чөлөөлөх нэрийдлээр насан туршдаа байр авч чадахгүй болгох аюултай. Энэ татварыг огт байхгүй болговол орон сууцны бизнес эрхлэгчид зарах байрныхаа үнийг хямдруулах уу? Үгүй л байхгүй юу. Тэдний халаасанд орох мөнгийг л зузаална.

68 өрөөтэй ордонг улсын бүртгэлд 1 үл хөдлөх гэж бүртгэдэг бол тус бүр ганц өрөөтэй 68 байрыг 68 үл хөдлөх гэж бүртгэдэг

Манай улс ийм юм хийж огт болохгүй. Хүн амын төвлөрлийг задлах, Улаанбаатарыг биш аймгийн төвүүдийг тэлэх, орон сууцны үнийг аль болох хямд байлгахгүй бол хаалгаар орж ирээд, хатавчинд суучихсан хүн амын асуудлаа Монгол Улс шийдэж чадахгүй. Бид байтугай тэд шийдэж чадахгүй байна.

2015.01.13-ны байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон сууц өмчлөх эрхийн бүртгэлд 239 мянган иргэн бүртгэлтэй байв. Тэгвэл одоо Монголд 1 орон сууцтай 325.820, 2 орон сууцтай 56.582, 3  болон түүнээс дээш орон сууцтай 12.376 иргэн байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд байртай хүний тоо 2 дахин нэмэгджээ. Энэ бол сайхан мэдээ.

Байртай л болчихвол энэ насны зорилго, бүх насны мөрөөдөл биелэх мэт монголчууд бидний олонх нь бодож, чухам л байртай болохын тулд гадаадад хараар ажил хийдэг. Айл гэр болж буй хүүхдүүддээ 5 ханатай гэр товхийлгэж өгөөд тусад нь гаргадаг цаг өнгөрч, хөдөө бол наанадаж 2 өрөөтэй байшин барьж өгдөг, хот сууринд бол яаж ийгээд орон сууц авч өгдөг болж байна. Ингээд харвал бидний амьдралын бололцоо сайжрах тусам шаардлага улам өндөрссөөр.

2% татварыг огт байхгүй болговол орон сууцны бизнес эрхлэгчид зарах байрныхаа үнийг хямдруулах уу? Үгүй л байхгүй юу

Гэвч бид өөрсдийнхөө хэт өндөр шаардлага, дундаршгүй хэрэгцээндээ нэг л өдөр дөнгөлүүлэх нь тодорхой болсоор байна. Азийг хар. Хөгшин Европ гэдэг үг хэдийнэ Азид шилжлээ. Хүн амын хөгшрөлт гэдэг үг Европ, Ази, бүүр Дэлхийн асуудал боллоо. Хүн амын хөгшрөлтөөр Хятад тэргүүлж, Солонгос аман хүзүүдэн, Япон удаалж байна.

Хятадыг хар. Цэцэрлэгт явдаг 41 сая хүүхэдтэй болоод байгаа энэ улсад цэцэрлэгүүд хүүхэдгүй болсны улмаас хаалгаа барьж байна. Өнгөрсөн 2 жилд 20 мянган цэцэрлэг хаагдсан бол ахмадын асрамжийн газар 2 дахин олширч, 410 мянгад хүрэв. Тухайлбал: Зүүн Жэжян мужийн бага сургууль хүүхэдгүй болсон тул үйл ажиллагааг нь өөрчилж, ахмад настаныг асрах төв болгожээ.

Солонгосыг хар. Залуус хайр сэтгэлийг хойш тавин, амжилт, алдар, мөнгөний төлөө зүтгэж байна. Нэр хүндтэй сургуульд сурах, том компанид ажилд орох, орсон ажлаасаа халагдалгүй үлдэх, албан тушаал дэвших, гоо сайхны хагалгаа хийлгэх, үнэтэй брэнд хэрэглэх, орон сууц худалдан авах гэж хамаг байдгаараа хичээсээр болзох завгүй болж, гэрлэхээ хойш тавьдаг болжээ. Ямар сайндаа л эр, эм хүнийг хооронд нь танилцуулах үйлчилгээ бий болж, сохор болзоо гэсэн үг гарах вэ дээ. 1 айлд 2.1 хүүхэд оногдож байвал хүн амын өсөлт хэвийн гэж үздэг бол Өмнөд Солонгост 2024 оны байдлаар 0.75 байна. Хүн ам өсөхгүй, тийм боломж байхгүй гэсэн үг.  

Японыг хар. 3 хүний 1 нь 65-аас дээш настай энэ улсад өнгөрсөн жил 686.061 хүүхэд төрсөн бол 1.6 сая хүн нас баржээ. Ажил хийж, мөнгө олдог 1 залуу гэхэд 2 аав, 2 ээж, 4 эмээ, 4 өвөө, 1 эхнэр, 1 хүүхэд тэжээж байна. Ажил хийдэггүй, гэртээ суудаг нэртэй 1 эмэгтэй тэгвэл 2 аав, 2 ээж, 4 эмээ, 4 өвөө, 1 нөхөр, 1 хүүхэд асарч байна.

Дэлхий даяараа залуус хайрлаж дурлах мэдрэмжээ алдаж байна. Эр эм нь мэдэгдэхгүй эрчүүд олширч байна.

Энэ бол хүн төрөлхтний асуудал. Энэ асуудал явж явж боловсрол, орон сууцнаас эхлэлтэй. Хүн боловсролтой болох тусам өөртөө болон өрөөлд тавих шалгуур өндөрсдөг. Дээд боловсролтой хүн дээд боловсролтой хүнтэй л суухыг эрмэлзэнэ. Дээд боловсролтой хос хөдөө ажиллахыг хүсэхгүй, хотод суурьшина. Хотод толгой хоргодох байртай болохын тулд цалин сайтай ажил хийх, зээлийн урьдчилгаанд төлөх мөнгө цуглуулах шаардлагатай. Юун хүүхэд. Нэг мэдэхэд хүүхэд төрүүлэх нас оройтож, олохоо ч болино. Дэлхий даяараа залуус ийм байдлаар гоонь эсвэл хүүхэд төрүүлэхгүй явсаар хайрлаж дурлах мэдрэмжээ алдаж байна. Эр эм нь мэдэгдэхгүй эрчүүд олширч байна.

Энэ асуудал Монголд хэдийнэ ороод ирчихсэн байгааг дээд сургуулийн тоо, оюутны тоо, төрж байгаа хүүхдийн тоо, барьж байгаа орон сууцны тоо, ипотекийн зээл авч чадаж байгаа айлын тоо харуулна. Тэгэхээр анх удаа авсан байраа дараа нь томруулахыг бодолцон, 2 удаа орон сууц авах, зарахад татвар авахгүй байж болох юм. Харин 3 дахь удаагаас эхлэн, татвар авах нь шударга. Орон сууцны бизнес хийгээд байна уу, байраа томруулж байна уу гэдгийг мэдэх боломж одоогоор манайд алга.

“Татвар төлөгчийг таньж мэдэх технологийн шинэчлэл энэ оны 4 дүгээр сараас эхэлсэн. Шинэчлэл бүрэн дуусахаас наана иргэн хүн орон сууцыг арилжааны зорилгоор зарж байна уу, амьдралын зорилгоор зарж байна уу гэдгийг ялгах боломжгүй” гэж Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд танилцууллаа. Хүн яах гэж байраа зарж байгааг мэдсэн байсан ч 3 дахь байраа зарвал татвар авч эхэлбэл шударга л даа.


One response to “2% татварыг байхгүй болгох нь 68 байртай хүнд л ашигтай”

  1. Улс нь айл өрх бүрдэн байртай болоход яаж тусладаг билээ? Гэр бүл үүсгээд байр худалдан авахад нь ямар дэмжлэг, тусламж өгсөн бэ? Иргэнээ хэрэв дэмжиж туслаагүй бол яагаад иргэн нь хувийн өмчөө худалдах болоход түүнээс нь татвар авна аа гээд ангайх эрхтэй болчих гээд УИХ дээр зүтгээд байна вэ? Харин 4 дахь байраа зарах бол уг байрыг анх худалдан авсан үнээс төгрөгийн ханшийн уналтыг тооцон 2%, 5 дахиа бол 3% гэхчилэн өсгөн нэмэгдүүлэх судалгаа эхлээд хийвэл зүйтэй болов уу.

Leave a Reply to зочин Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *