Прокурорын байгууллага 9 дүгээр сарын 22-26-нд эрүүгийн 55,300 хэрэг хянажээ. Дээрх хугацаанд 1,603 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 926 хэрэг шинээр нээж, 262 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал,
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 98,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 79,
- Өмчлөх эрхийн эсрэг 55,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10,
- Хүний амьд явах эрхийн эсрэг 6,
- Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 5,
- Эдийн засгийн гэмт хэрэг,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 3,
- Авлига, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1 хэрэг байна.
Түүнчлэн гадаадын иргэнийг Б, Э нар нийлж орон нутагт хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ болон концессын гэрээт ажлын санхүүжилтийн гэрээ үзүүлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр бүхий компаниас 402 сая төгрөгийн түлш зээлээр авч, их хэмжээний хохирол учруулсан байна. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 2.2 /Залилах/, Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.