Хумхаатай энэтхэг цэргийн амийг монгол эмч аварчээ


Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-аас явуулж буй UNMISS ажиллагаанд Хүчний штабын эрүүл мэндийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж буй хурандаа С.Нэргүй энэтхэг цэргийн амийг аварлаа. Хумхаагаар өвчилсөн Энэтхэгийн энхийг сахиулагчийн биеийн байдал огцом муудан, дотуур цус алдан, шооконд оржээ. Амь насанд нь эрсдэл үүссэн тул түүнийг 3 дугаар шатны эмнэлэгт яаралтай шилжүүлэх шаардлага гарсан байна.

Гэвч өвчтөний биеийн байдал муу, эмнэлэг рүү авч явах хугацаа байгаагүй тул хурандаа С.Нэргүй 2 дугаар шатны эмнэлэгтээ яаралтай хагалгаа хийжээ. Тэр өөрөө хагалгааг удирдахын зэрэгцээ мэдээгүйжүүлэгч эмчээр ажилласан байна. Өвчтөний дэлүү бүтэн задарч, цус идэвхтэй алдаж байсан тул дэлүү авах, тайрах мэс заслыг яаралтай хийж, 4 литр цус сэлбэснээр амийг нь аварчээ.

3, 4 дүгээр шатны өндөр зэрэглэлийн эмнэлэгт хийх заалттай маш хүнд хагалгааг 2 дугаар шатны эмнэлэгт хийх шийдвэр гарган, хагалгааг удирдаж, гар бие оролцон, цэргийн эмчийн мэргэжлийн өндөр ур чадвар гарган, хүний амь аварсан хурандаа С.Нэргүйд НҮБ-ын тусгай төлөөлөгчийн орлогч дарга болон Энэтхэгийн үндэсний ахлах төлөөлөгч, цэргийн багийн захирагч, удирдлагууд талархал илэрхийлж, НҮБ-ын Цэргийн хүчний командлагч өөрийн биеэр хүрэлцэн ирж, баяр хүргэн сайшаажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *