Эрүүл эсийг Т эс хэрхэн хамгаалдгийг судалсан эрдэмтэд Нобелын шагнал хүртлээ


Швед улсын нийслэл Стокхолм хотод Нобелийн долоо хоног өчигдөр /2025.10.06/ эхэллээ. Физиологи, анагаах ухааны Нобелийн шагналтнууд өчигдөр тодорч, АНУ-ын эрдэмтэн Мэри Брункоу, Фред Рамсделл, Японы эрдэмтэн Шимон Сакагучи нар хамтарсан судалгаагаараа үүнийг хүртэв.

Тэд хүний дархлааны тогтолцоог зохицуулах үүрэгтэй Т эс эрүүл эсийг хэрхэн хамгаалдгийг судалжээ. Тэдний нээлт аутоиммун өвчин (Хүний дархлаа өөрийн бие махбодын эсрэг ажилладаг өвчин) болон хавдрын эмчилгээнд маш чухал гэдгийг олон улсын эрдэмтэд онцолж, энэ шагналыг гардуулжээ. Т эс 200 гаруй эмнэлзүйн туршилтын үндэс болж, анагаах ухаанд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Өнөөдөр (2025.10.07) физикийн, маргааш химийн, нөгөөдөр уран зохиолын салбарын Нобелын хороо шийдвэрээ зарлана. 10-нд Осло хотод энх тайвны Нобелын шагналтан тодорно. 1968 онд Шведийн Төрийн банкнаас бий болгосон Алфред Нобелын нэрэмжит эдийн засгийн салбарын шагналын эзэн энэ сарын 13-нд тодорно.

Альфред Нобел (1833-1896) гэрээслэлдээ физиологи, анагаах ухааны салбарын шагналтныг шалгаруулах ажлыг 1810 онд байгуулагдсан, одоо Дэлхийн боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэх төвийн нэг болоод буй, Стокхолм хот дахь Каролины хүрээлэнд даатган үлдээжээ. Тус хүрээлэнгийн дэргэдэх Нобелын хороо байнгын 5 гишүүнтэй. Тэд Нобелын шагналтныг тодруулахдаа шинжээчдийг оролцуулдаг.

Нобелын хорооноос шагналд нэр дэвшсэн хүмүүсийн тухай, эсвэл тэднийг дэвшүүлсэн хүмүүсийн талаар сүүлчийн мөч хүртэл мэдээлдэггүй. 1901 онд Нобелын шагнал олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг зарладаг уламжлалтай.

Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж, хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог нэр хүндтэй уг шагналыг 115 удаа олгож, 229 хүн хүртсэний 13 нь эмэгтэйчүүд. Хамгийн залуу шагналтан нь 1923 онд инсулинийг нээснээр 32 настайдаа уг шагналыг хүртсэн Фредерик Бантинг бол хамгийн ахмад нь болох Пэйтен Роуз 1966 онд хорт хавдар үүсгэгч вирүсийг илрүүлснээр 87 настайдаа Нобелын шагналтан болжээ.

Альфред Нобелын таалал төгссөн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд Стокхолм хотын филармонид шагналтнуудад шагналыг нь гардуулна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *