2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв


Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд  Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын 86 гишүүний 57 нь дэмжлээ. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Баяжуулсан хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Органик бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг  дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Засгийн газраас 2025 оны 09 дүгээр 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал танилцуулсан.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдээс асуулт асууж, санал гаргаагүй байна. Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бол Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг төрийн албан хаагчдын орон тоог есөн хувиар бууруулах бодлогын хэрэгжилт болон төсвийн урсгал зардлыг бууруулснаар хууль, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг төсөлд тусгах боломжтой эсэх, Өргөдлийн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороодын хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат нар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын хэмжээг нэмэгдүүлж инфляцын түвшинтэй уялдуулан багш, эмч нарын цалин, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх боломжтой эсэх, 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан явуулах бодлого, үйл ажиллагааны талаар болон  Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд төсвийн урсгал зардлыг бууруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасныг өөрчилж, нэмэгдүүлэн тогтоох боломжтой эсэх талаар  асуулт асууж, хариулт авсан хэмээн санал, дүгнэлтэд дурджээ.

Хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа боловсролын салбарын багш, ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд 31,600.0 тэрбум төгрөг гэснийг 490.0 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2026 онд 32,980.0 тэрбум төгрөг гэснийг 490.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, үүнтэй уялдуулан холбогдох эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон харгалзах ДНБ-нд эзлэх хувь хэмжээнд өөрчлөлт оруулах гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Хуулийн төслийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь алдагдалгүй төсөв батлах бодлогын зорилтоосоо ухарсан, Төсвийн тухай хуульд нийцээгүй, дунд болон богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд үндэслээгүй, нийгмийн хүлээлт шаардлагад нийцээгүй, дагалдах тооцоо, судалгаа хангалтгүй байгаа тул Засгийн газар буцаан татаж, сайжруулах нь зүйтэй гэж, Улсын Их Хурлын гишүүн Даваагийн Цогтбаатар төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг хэлэлцэж байхад Засгийн газрын гишүүд Байнгын хороодын хуралдаанд бүрэн оролцох ёстой гэсэн саналуудыг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин Засгийн газраас боловсруулж байгаа Татварын багц хуулиудын өөрчлөлт нь Сангийн яамны тооцоолсноор улсын төсөвт 4.0 их наяд төгрөгийн  нөлөө үзүүлэхээр байна гэсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа таван жилийн төлөвлөгөөний төслийг Засгийн газар 10 дугаар сарын  30-наас өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсныг сануулж, төсвийн төслийг жил бүрийн 9 дүгээр сарын 01-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хуулийн өөрчлөлт хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрөөд байхад эдгээр цаглаврын зөрчлийг арилгахтай холбоотойгоор авсан арга хэмжээний талаар асуулт асууж, хариулт авчээ.

Хил, гааль дээр урт дараалал үүсгэлэг олон дамжлагын асуудлуудыг цахимжуулсан нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулж байгаа зэрэг нь  нүүрсний экспортыг төсөөлөл дэх хэмжээнд хүргэхэд түлхэц болно хэмээн тооцоод байгаа аж. Алтны экспортын хэмжээг өндрөөр тооцох нь эргээд олон сөрөг үр дагавартай байдаг талаар Ж.Ганбаатар гишүүн сануулж хэлсэн. Б.Мөнхсоёл гишүүн, багш, эмч нарын цалинг ирэх онд 10-15 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь боломжтой эсэхийг лавлаж, холбогдох баримт бичгүүдийн шалгуур үзүүлэлтийг бодитой, үр нөлөөтэйгөөр тооцох шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн. Гадаад зээлүүдийг үр дүнтэй ашиглах талаар олон гишүүн хэлж, холбогдох тодруулгыг хийхэд ирэх жилийн гадаад зээлийг ашиглалт 1.9 их наяд төгрөг бөгөөд  1.4 орчим их наяд төгрөг нь статистик алдагдал хэмээгээд дэлгэрэнгүй тайлбар хийлээ. Үүний зэрэгцээ Н.Учрал сайд төсвийн сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэхээр орлого, зарлагаа бууруулсан, урсгал зардлаа зохих хэмжээнд барьсан, хэт их өөдрөг төсөөлөөгүй, экспортын бүтээгдэхүүний үнийг олон улсын байгууллагуудын төсөөллүүдийг харьцуулж төлөвлөсөн “сахилга баттай” төсвийн хүрээ хэмээн онцолж байлаа. Ирэх 2028 оны гадаад өрийг 7.7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөөлсөн талаар, багш, эмч нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх талаар төсвийн хүрээнд ямар төлөвлөлт тусгасныг,  нүүрсний экспорт худалдан авагч талын шалтгаанаар буурах тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн бодлого, төлөвлөж буй татварын реформууд хоорондоо уялдах эсэхийг гишүүд тодруулж, Н.Учрал сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулсан. Инфляц бууруулах бодит арга замыг тодорхойлох, Төв банкны хараат бус байдлыг баталгаажуулах, өрхийн санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр төслийг сайжруулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Улсын Их Хурлын гишүүд Төв банкны ерөнхийлөгчийн танилцуулга болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт, холбогдуулан боловсруулсан шийдвэрийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчөөс хариулт авч эхэлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *