76-г 126 болгосон ч улстөрчдийн шуналыг үгүй хийж чадсангүй


Төрд нүүрлэсэн авлигыг арилгаж, УИХ-ын гишүүдийг саналаа худалдахаас сэргийлнэ гэдэг шалтгаанаар 76 гишүүнтэй байсан парламентыг 126 гишүүнтэй болгож нэмсэн нь саяхан. Гэвч 126 гишүүнтэй их хуралд өмнөх парламентаас өөрчлөгдсөн зүйл огт ажиглагдсангүй. Спикер, Ерөнхий сайд нарын хоорондох тэмцлээс ашиг хайж, саналаа худалдах зарчим ахиад л хэвээрээ, амь бөхтэй оршсоор байгааг их хурлын гишүүдэд амласан гэх 100 мянган долларын хов гэрчилнэ. Сийрүүлбэл Ерөнхий сайдыг унагах кнопыг АН-ынхнаас 100 мянган доллароор худалдан авах хэлэлцээ өрнөсөн бол МАН-ын гишүүд саналын эрхээ 300 мянган доллароор үнэлсэн гэх мэдээлэл Төрийн ордноор нэг жиг жуг хийгээд өнгөрснийг мартаж боломгүй. Нөгөө талаас албан тушаалаа авч үлдэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг нэг хүнийг шууд намнуулах зорилгоор томилдог захиалгат намнаа ч нийт монголчуудын нүдэн дээр өрнөлөө.

Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг дүрэм манай парламентын авлигачин түшмэдэд үйлчилсэн хэвээр байна.

Улс эх орны бүтэн жилийн төсөв баталдаг, татвар төлөгчдийн мөнгийг хуваарилж, захиран зарцуулах эрх эдэлдэг гэдэг утгаараа тэд Авлигын хуулийг чанд мөрдөх үүрэгтэй. Гэвч энэ үүргээ тэд огт мөрддөггүй. Мөрдөх ч хүсэлгүй гэдгийг мэдэж болно. Тухайлбал: Авлигатай тэмцэх газраас төсөв баталж хуваарилахдаа хэрхэн Авлигын хууль зөрчихгүй байхыг сануулах, тайлбарлах зорилгоор шат шатны төрийн болон улс төрийн албан тушаалтнуудад Авлигын хуулиар сургалт хийдэг. Энэхүү сургалтад нийслэл, аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хамрагдаж, төсөв батлахад үүсэж болох эрсдэлийн талаар нарийн, сайн ойлголт авдаг юм байна. Ерөөс Авлигын хуулийн тухай нарийн мэдээлэлтэй байж, төсөв батлалцахгүй бол Авлигын хууль зөрчих эрсдэл төсөв батлах явцад их үүсдэг.

Энэ шалтгаанаар АТГ-аас УИХ-ын гишүүдэд Авлигын хуулиар сургалт явуулах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн боловч 1 ч гишүүн уг сургалтын саналыг хүлээн аваагүй байна. Манай их хурлын 126 гишүүн бүгд өөрөө өөрсдийгөө авлигын сургалт авах шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд АТГ-ын сургалтад туслах, зөвлөхөө суулгая гэдэг хариу өгчээ.

Олон түмнийг төлөөлж, хууль батлалцах эрхээ арилжиж явдаг их хурлын гишүүдэд төсвийг хуульд нийцүүлэн баталж байгаа эсэх нь огт сонин биш болохыг АТГ-ын Сургалт, судалгааны хэлтсийн сургалтад суугаагүйгээс нь анзаарч болно. Уг нь тэр нь 1-2 цагийн хугацаанд өрнөх богинохон сургалт юм гэнэ лээ.

Монголын ард түмнийг төлөөлөн төр түшилцэж яваа парламентын гишүүдэд өнөөдөр 2026 оны монголчуудын амьдрал сонин биш байгааг төсвийн хэлэлцүүлгээс ажиглаж болохоор байна. Одоо цаг үед тэдэнд хэнийг сайд болгож, түүнээс нь хувьдаа юу хожих нь л чухал байгааг улс төрд өрнөж байгаа үйл явц харуулсаар байгаа юм.

Хоногийн хоолоо арай ядан залгуулж байгаа ард түмнээсээ сонгуулиар саналыг нь хэдэн бор төгрөгөөр худалдан авдаг улстөрчид дараа нь Төрийн ордонд өөрийн санал өгөх, хууль батлах эрхээ хэрхэн арилжсаар байдгийг бид хэвлэл мэдээллийн олон урсгалаас хамтдаа ажиглаж байна. Сандал суудлын төлөөх тэдний зодоон сунжрах зуур өвлийн жавар чангарсаар л байгааг ахин сануулъя.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *