Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 10 дугаар сарын 6-10-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 382 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 256 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоо 126 хүний урьдчилсан мэдүүлэг хянаж байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 34 албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 93 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ. Үүнээс 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Гомдол, мэдээллийг хянан шалгахад нэр бүхий албан тушаалтнууд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтуудыг зөрчсөн байжээ.