Сүүлийн жилүүдэд цахим залилан улам бүр нэмэгдэх хандлагатай болж байна. Тодруулбал, Монгол Улсад 2015 онд цахим залилангийн 17 тохиолдол бүртгэгдэж байжээ. Гэтэл энэ оны эхний есөн сард 9755 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдэд 53 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Цагдаагийн байгууллагад цахим орчинд бусдад эд хөрөнгөө залилуулж хохирсон иргэдээс 1,500 иргэн шуурхай дуудлага мэдээлэл өгсний дагуу өнөөдрийн байдлаар 11 тэрбум 123 сая төгрөгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ.
Ийм төрлийн залилан үйлдэж буй этгээдүүд ихэвчлэн хохирогчдын мөнгийг богино хугацаанд гадаад улс руу шилжүүлэн крипто валют болгон хувиргадаг болжээ. Өнөөдрийн байдлаар иргэдэд учирсан хохирлын мөнгөн дүнгээс гэмт этгээдүүд гурван тэрбум орчим төгрөгийг дэлхийн крипто валютын арилжааны биржүүд рүү дундын зуучлагчдын дансаар дамжуулан крипто валют болгон гадаад крипто хэтэвч рүү шилжүүлсэн байж болзошгүй байгааг албаныхан мэдэгдээд байна.
