“Оюутолгой” компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудыг Тагнуулын ерөнхий газар шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Амартүвшин, Ч.Нэргүй нарыг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, нэг сар цагдан хорьжээ.
Тодруулбал, “Оюутолгой” компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Амартүвшинг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл. Нийтийн албан тушаалтан хахууль авах, 18.6 дугаар зүйл Мөнгө угаах, харин “Оюутолгой” компанийн хангамжийн ахлах мэргэжилтэн Ч.Нэргүйг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл. Нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан, цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Тагнуулын ерөнхий газраас энэ сарын 23-ны үүрээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, “Оюутолгой” ХХК-ийн нэр бүхий дөрвөн ажилтны орон байр болон машинд нь нэгжлэг хийсэн байна. Уг нэгжлэгээр 10 орчим тэрбум төгрөг, олон тооны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, машинууд, бичиг баримт зэрэг нотлох баримт хураан авсан гэх албан бус мэдээлэл гараад байгаа юм.
Мөн “Оюутолгой” ХХК-ийн мэргэжилтэн Б.Сэржмаа, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболд нарын гэрийг тагнуулын байгууллага нэгжсэн байна. “Оюутолгой” ХХК-ийн дээрх нэр бүхий хүмүүсийн хэрэг бүлэг гэмт хэрэг байж болзошгүй байгаа тул ТЕГ мөрдөн шалгах ажиллагаагаа цаашид ч өргөн хүрээнд үргэлжлүүлж магадгүй аж.
