3 улсын аялал жуулчлалын сайд нар Дарханд хуралдана


Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын аялал жуулчлалын сайд нарын 9 дэх хурал 11 дүгээр сарын 7-нд Дархан-Уул аймагт болно. Энэ хурлаар гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2031 он хүртэл сунгасантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтарсан санаачилгуудын талаар хэлэлцэх юм байна. Мөн 2025 онд хэрэгжсэн хамтын ажиллагааны явц, үр дүнг дүгнэхийн зэрэгцээ хил дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх, авто замын боомтуудаар зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлалын нэгдсэн бодлого боловсруулах, дижитал шилжилт, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах чиглэлээр санал солилцох юм.

Гурван орны аялал жуулчлалын байгууллагуудын төлөөллүүдийг хамруулан B2B уулзалт, бизнес форумыг зохион байгуулж, оролцогчид шууд хэлэлцээ, хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломж бүрдэнэ.

Түүнчлэн бүс нутгийн аялал жуулчлалын урсгалыг тогтворжуулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, соёлын харилцааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой гурван улсын хамтын ажиллагааны шинэ төсөл болох “Цайны зам” олон улсын авто аяллыг эхлүүлэхээр төлөвлөж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *