Б.Баасандоржид баяртай гэх хүн алга


Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн балаг Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын албан тушаалыг сайн дураар өгөхөд хүргэсэн. Д.Амарбаясгалан буухдаа ганцаараа унасангүй. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн гараар могой бариулав. “Байнгын хорооны дэмжээгүй шийдвэрийг дэмжье” гэсэн томьёолол бол Засгийн газрыг огцруулсан, Үндсэн хууль зөрчсөн, тун удахгүй Х.Булгантуяаг дэд даргын албан тушаалаас авч хаях 4 толгойтой могой байв. Энэ могойг тэжээж Х.Булгантуяагийн гарт бариулсан хүн нь УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж гэдэг нь Үндсэн хуулийн цэцэд  Б.Баасандоржийн өгсөн мэдүүлгээс ойлгомжтой харагдаж байгаа юм.

ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан: УИХ-ын дэд даргын хураалгасан саналыг Тамгын газар бэлдэж өгсөн үү?

УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: ТББХ-ны саналын дагуу хуралдаан удирдах дараалалд оруулж өгсөн.

ҮХЦ-ийн гишүүн Р.Батрагчаа: С.Бямбацогт дарга ТББХ-ны дарга байсан. Саналын томъёоллыг хаанаас бэлдэж өгдөг юм бэ?

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: УИХ-ын Тамгын газраас бүх хүний хэлэх үг, хуралдаан удирдах дарааллыг бүгдийг бэлдэж, дэглэж өгдөг. “Энэ асуудлыг ингэж оруул” гэж бэлдэж өгдөг.

Энэ могой эзнээ ороох нь цаг хугацааны л асуудал болжээ. “Байнгын хорооны дэмжээгүй шийдвэрийг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураалгахаар УИХ-ын Тамгын газар Х.Булгантуяад бэлтгэн өгч, УИХ-ын дэд дарга ёсоор болгожээ. Төрийн байгуулалтын байнгын хороо Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй. Энэ үед л хэрэг бишдэж, нэгдсэн хуралдаан дээр “Байнгын хорооны дэмжээгүй шийдвэрийг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураалгах гэж байгааг их хурлын гишүүд ойлгож, Үндсэн хууль зөрчих гэж байгааг нь Х.Булгантуяа, Д.Сандаг-Очир тэргүүтэнд сануулсан. Гэвч тэгэхээс тэгэх гэж тэрүүгээрээ санал хураалгасан нь Х.Булгантуяа Үндсэн хуулийг санаатай зөрчсөн хэрэг юм. Үр дагаврыг нь мэдсээр байж хийсэн хэргийг санаатай гэдэг. Үүнийгээ урьдчилан ярилцаж, бэлтгэсэн гэдгээ ҮХЦ-д ийн мэдүүлжээ.

ҮХЦ-ийн гишүүн Ц.Цолмон: Үндсэн хуулийн зөрчил болох гээд байвал Тамгын газар оролцохгүй гэх үүрэгтэй. Ер нь ийм яриа уулзалт болсон уу. Эсвэл огт болоогүй юу?

УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Хэлэлцэж байгаа асуудалтай уулзалт болсон.

Байнгын хороо, Тамгын газар хурлын материалыг хуульд нийцүүлэн боловсруулж, бэлтгэж өгөх ёстой. Харин энэ удаад тэгсэнгүй. Б.Баасандорж бол МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн, УИХ-ын Тамгын газарт 20 жил ажиллаж байгаа туршлагатай хүн.

  • 2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын туслах,
  • 2002-2006 онд УИХ-ын Тамгын газарт Хуулийн хэлтсийн шинжээч,
  • 2006-2008 онд Хууль зүйн байнгын хорооны референт,
  • 2008-2009 онд Хууль зүйн байнгын хорооны зөвлөх,
  • 2011-2013 онд Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх,
  • 2013-2015 онд ХЗЯ-ны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга,
  • 2015-2018 онд УИХ-ын Тамгын газарт Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх,
  • 2018-2020 онд УБЕГ-ын дарга,
  • 2020-2022 онд ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга,
  • 2022-2023 онд МХЕГ-ын дарга,
  • 2023-2024 онд ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга
  • 2024 оноос УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга

Төрийн албанд 24 жил ажиллаж, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах чиглэлээр 17 жил, хууль хэрэгжүүлэх чиглэлээр 5 жил, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах чиглэлээр 2 жил, төрийн албаны удирдах албан тушаалд 16 жил ажиллажээ. Сайд нарыг урьдчилж анхааруулаад байхад, ийм их туршлагатай хүний хийсэн зүйлийг санаандгүй алдаа гэхгүй, санаатай хэрэг л гэнэ.

Д.Амарбаясгаланг 2022.08.30-2024.07.02-ны хооронд ЗГХЭГ-ын дарга болоход, Б.Баасандорж ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга байв. Дараа нь Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болоод, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг санал болгон, Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулан, томилуулж байв. “УИХ-ын тухай хуульд заасан хууль зүйн өндөр мэргэшилтэй. Төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх шаардлагыг бүрэн хангасан, хүний эрхийн салбар, нийтийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийг хангах, шүүх, улсын бүртгэлийн шинэтгэл зэрэг хууль тогтоомжийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан” хэмээн Д.Амарбаясгалан танилцуулжээ. Үндсэн хуульд оруулсан 126 гишүүнтэй парламент, хувь тэнцүүлсэн, олонхын сонгуулийн тогтолцоог өөрчлөх төсөл боловсруулах, иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх Засгийн газрын дэд ажлын хэсгийг Б.Баасанжаргал ахалжээ. Үүнээс үзвэл тэр Үндсэн хуульд ямар зорилгоор ямар өөрчлөлт оруулсныг сайн мэдэх, Үндсэн хууль зөрчих учиргүй хүн. Тэгтэл яалт ч үгүй энэ балагт ажилд баараггүй оролцчихсон байдаг.

Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын дарга болоход, Б.Баасандорж ЗГХЭГ-ын дэд дарга дарга байв. Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болоод, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилуулав.

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Баасандоржийн ажлыг Д.Энхбаттай 2024.07.09-нд  хүлээлцүүлэхдээ УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “5 намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэн энэ үед УИХ-ын Тамгын газрын үүрэг, хариуцлага улам нэмэгдэж байна. Тамгын газар хэрхэн ажиллахаас УИХ-ын нэр хүнд шалтгаалдаг” гэж сануулж байлаа. Тэгтэл одоо тэр хоёр хамтдаа Үндсэн хууль зөрчсөн хэмээн буруудаж, 70 гишүүнийг араасаа чирэн, УИХ-ын нэр хүндийг навс унагав.

Гэвч Б.Баасанжаргалын ажил, албан тушаалтай хэн ч юу ч ярьсангүй. Энэ нь явж явж Д.Амарбаясгалан гишүүнтэй холбоотой юм байна. Намын даргын асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа болохоор хэн ч Б.Баасандоржоор оролдож зүрхлэхгүй байгаа гэнэ. Тиймээс Б.Баасандоржид баяртай гэж хэлэх боломжийг УИХ-ын шинэ даргад үлдээжээ. МАН-ын шинэ дарга нь УИХ-ын дарга эсвэл Ерөнхий сайд болох нь тодорхой. Уг нь УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг ТББХ, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж томилдог. Тэгэхээр хариуцлага тооцох эрх нь их хурлын даргад биш УИХ-д бий. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг Х.Булгантуяагаа гишүүнээр нь авч үлдэх гээд Б.Баасандорж манатай явна. Г.Занданшатар харин юу бодож яваа юм бол доо.


One response to “Б.Баасандоржид баяртай гэх хүн алга”

Leave a Reply to баяртай баасандоржоо Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *