Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгчийг харцаараа хөдөлгөхийг хүсэж байна


Залуу хүн юм чинь арай өөрөөр ажиллах болов уу гэж зарим хүн харж байсан юм гэнэ ээ, Н.Учралыг. Даанч өнөөх нь урмыг нь хугалжээ. Намаржин хэрэлдсээр өвөлтэй золгож, ганцхан хууль баталсан УИХ уртаас урт дараалал үүсгэсэн төслүүдээ хэлэлцэхийн оронд тэтгэвэр, тэтгэмж ярьж, тулга тойрсон хэрүүлээ үргэлжлүүллээ. Их хурлаа тасралтгүй хуралдуулж хүчрэхгүй, баасан гаргийг амралтын өдөр гэж андуурсан гишүүдээрээ ажлыг нь хийлгэж дөнгөхгүй атлаа банкны ажилд хошуу дүрэв. Хөрөнгө хураах тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай, НӨАТ-ын, Нийтийн өмчийн гээд олон чухал хуулийн төсөл ээлжээ хүлээж байхад, шал өөр юм яриад сууж байна.

Тэтгэврийн зээлдээ дарлуулсан ахмадуудыг Н.Учрал их л ойлгож, хугацааг нь 36 сар болгуулахаар Монголбанк, Төрийн банк, Хаан банкны удирдлагуудтай уулзлаа. Монголбанк Мөнгөний бодлогын хороогоо 12-р сарын 11-нд хуралдуулж, уг асуудлыг хэлэлцэхээр болжээ. 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхээ Монголбанкны дэд ерөнхийлөгч Г. Энхтайван илэрхийлж гэнэ ээ.

Асуудал шийдэж, ахмадуудыг халамжилж байгаа харагдаж байна, ахмадуудын нүдэнд Н.Учрал. Ард олны нүдэнд бол төв банк толгойгүй байгааг далимдуулан, УИХ-ын дарга тоглолт хийж байгаа нь илт байна. Б.Лхагвасүрэнгийн төв банкны ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацаа 2025.11.21-нд дууссан. Гэхдээ ажлыг нь авах хүн албан ёсоор тодроогүй байгаа. Албан бусаар бол “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилон ажиллуулахаар УИХ-ын дарга Н.Учрал парламент дахь МАН-ын бүлэгтээ танилцуулаад буй. Тэр Монголбанкны ерөнхийлөгч боллоо ч, өөр хүн ирлээ ч Н.Учралаас “Тэтгэврийн зээлийн хугацааг уртасга” гэсэн далд даалгавар авах нь тодорхой болов.

Ард олны нүдэнд бол төв банк толгойгүй байгааг далимдуулан, УИХ-ын дарга тоглолт хийж байгаа нь илт байна

Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа төв банкинд Б.Лхагвасүрэнг авчирсан. Одоо тэр явна. Харин Г.Энхтайванг үлдээх эсэхээ Н.Учрал энэ удаагийн даалгаврыг нь хэр биелүүлэхээс хамаарч шийднэ. Шалаанд орсон Г.Энхтайван даалгавраа яаж хийхийг харж л байя.  

Өнгөрсөн зун УИХ, Засгийн газар бас л ахмадыг ачлагч дүр эсгэн Монголбанкийг шахаж шаардсаар Мөнгөний бодлогын хороог 2 удаа хуралдуулсан. 2025.06.13-нд хуралдаад тус хороо, тэтгэврийн 50%-ийг нь ахмадад үлдээж, 50%-д нь зээл олгох шийдвэрээсээ буцаагүй. Гэсэн ч сайд, гишүүд төв банкийг зууж, ноцсоор Мөнгөний бодлогын хороог нь 7 дугаар сарын 7-нд дахин хуралдуулж, өмнөх 2 шийдвэрийг нь цуцлуулсан. Үүгээр тэтгэврийн 30%-ийг нь ахмадад үлдээж, 70%-д нь зээл олгодог болгон, төв банк хуучин журам руугаа буцсан. Энэ бол УИХ, Засгийн газар хүссэн үедээ Монголбанкинд нөлөөлж, дуртай шийдвэрээ гаргуулж чаддагийг тод харуулсан үйл явдал байв.

Манай улсад ахмад настан 385.500 бий. Тэдний 294.4 мянга нь тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээлийн 95%-ийг Төрийн банк, Хаан банк олгодог. Зээлтэй ахмадууд тэтгэврийнхээ 82.6%-ийг зээлийн төлбөрт суутгуулж, 17%-иараа эм тариа, ойр зуурын хүнсээ залгуулдаг ажээ. Зарим ахмад зээлээс зээлийн хооронд амь зууж байгаа нь үнэн.

Тэр Монголбанкны ерөнхийлөгч боллоо ч, өөр хүн ирлээ ч Н.Учралаас “Тэтгэврийн зээлийн хугацааг уртасга” гэсэн далд даалгавар авах нь тодорхой болов

Тэглээ гээд банкны асуудалд оролцох эрх УИХ-д байхгүй. Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ томилдог ч гэлээ дуртай үедээ даргыг нь дуудан уулзах ёсгүй. Монголбанкны ерөнхийлөгч ажлаа УИХ-ын өмнө хариуцан тайлагнадаг ч их хурлын гишүүд дуртай юмаа хийлгэх эрхгүй. Харин ч төв банкны тэргүүнээр ажиллаж буй хүн уг албан тушаалыг хашиж байх хугацаандаа ганц ч сайд, гишүүнтэй уулзахгүй байвал сайн. Аливаа улсын Төв банкны удирдлага тийм байж чадвал үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах баталгаа болох юм.

Хараат бусаар ажиллах нь Монголбанкны амин сүнс. Энэ банкийг хараат бус байлгахын тулд улсын төсвөөс 1 ч төгрөг өгдөггүй. Монголбанк бол төсвийн байгууллага биш. Төрийн мөнгөний бодлогыг хариуцдаг энэ байгууллага улстөрөөс хараат байвал улстөрчид дураараа мөнгө хэвлүүлсээр байгаад улсаа дампууруулна. Үүнээс хамгаалахын тулд л төв банкийг бие даасан, хараат бус байлгадаг.

Аливаа улсын төв банк мөнгөн тэмдэгт хэвлэн гүйлгээнд оруулах онцгой эрхтэй. Үүнээс нь болоод төв банкийг дуулгавартай зарц байлгахыг эрх баригчид хүсэж, тэр хүслээ биелүүлэхийн тулд төв банкийг хясаж байдаг. Манайд ч яг адилхан. Засгийн газар эзэн, Монголбанк зарц байж, эзний хүссэн мөнгийг хэвлэж байсан удаатай.

Засгийн газар эзэн, Монголбанк зарц байж, эзний хүссэн мөнгийг хэвлэж байсан удаатай

Мөнгө хэвлэх нь улс оронд сайн юм авчирдаггүй учир ийм явдлаас хол байлгахыг ухаантнууд эрмэлзэж, төв банкаа төрөөс хараат бус байлгах бодлого хэрэгжүүлж иржээ. Монголд тийм ухаантан мэр сэр олдож, 10-аад жилийн өмнөөс банкны салбарын хууль эрх зүйг шинэчлэн, Монголбанкны үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлсэн түүхтэй. Монголбанкны ерөнхийлөгч ганцаараа толгой мэдэн шийддэг байсан олон асуудлыг Захирлуудын зөвлөл, Хяналт шалгалтын газар, Мөнгөний бодлогын хороо, Хяналтын зөвлөл хэлэлцэн, олонхоороо шийддэг болсон.

Тэр олонх тэтгэврийн зээлийг 50:50%-тай байлгавал ахмад настан амьжиргааны мөнгөтэй, өрийн дарамтад унахгүй, хүүхдүүдийнхээ атганд орохгүй гэж үзсэн юм. 650 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмад тэтгэврийн зээл авбал 150 мянгыг нь зээлэнд суутгаж, 500 мянгыг нь өөрт нь өгдөг болгосон. Гэвч эцэг эх, эмээ өвөөгөөрөө тэтгэврийн зээл авахуулж, сургалтын төлбөр, машин, байрны зээлээ төлүүлдэг энэрэлгүй үрсийг УИХ-ын гишүүд өөгшүүлэх боллоо.

Өөрийнхөө өмнөөс яриагүй, хүүхдийнхээ үгийг дамжуулж яваа ахмадуудын хүсэлтэд дөрөөлөн, улс төр хийхийн оронд хуулиа чанартайхан хэлэлцвэл яаж байна. Айл гэрийн аахар шаахар асуудалд хутгалдаж явдаг хогийн 76-г 126 болгоод ч дээрдсэнгүй. Дарга нь бүүр ч залуу толгойн шинжгүй. Улстөрийн хуучин арга барилтай юм.


One response to “Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгчийг харцаараа хөдөлгөхийг хүсэж байна”

  1. Учрал үнэхээр унхиагүй, үхээд сэхсэн хүнд ч алдах юм байхгүйлдээ, тэгээд л ингэж монголоо хорлож байна

Leave a Reply to учрал зайл Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *