Манай орны ихэнх голуудад мөсөн зах болон битүү мөсөн бүрхүүл тогтсон ба мөсний дундаж зузаан 5-80 см байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Голуудын мөсний зузааныг олон жилийн дундажтай харьцуулахад 5-45 см нимгэн байгаа хэмээн үзжээ.
Харин Хөвсгөл нуур Ханх сум орчимд, Өгий, Тэрхийн цагаан, Хар нуур, Буйр, Дуут, Тайган, Бөөнцагаан, Увс, Хөх нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 30-100 см байгаа бол бусад нууруудад тогтвортой мөсөн бүрхүүл үүсээгүй байна.
Иймд нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
