Сонгинохайрхан уулын 51 тарвага 188 болж өсжээ


Монголын мянганы сорилтын сан нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт, Сонгинохайрхан уулын зүүн хормойд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулж буй. Уг үйлдвэрийг барьж эхлэх үед Сонгинохайрхан ууланд 51 тарвага байсан бол одоо 188 болж, өсжээ.

Тарвага бол 2016 онд Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан ном”-д устаж болзошгүй гэсэн ангиллаар орсон, Монголд агнахыг 2021 онд хориглосон ховор амьтан. Манай улсад Алтайн, монгол гэсэн 2 зүйлийн тарвага бий. Сонгинохайрхан уул монгол тарвагатай.

Энэ ховор амьтныг үргээж дайжуулахгүй, устгахгүй, тоог нь 51-ээс бууруулахгүйгээр Сонгинохайрхан ууланд үйлдвэр байгуулахыг АНУ-ын Мянганы сорилтын корпорац шаарджээ. Энэ нь Монголын мянганы сорилтын санд маш том сорилт болсон гэнэ. Хэрвээ тарвага 51-ээс цөөрвөл АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу барьж буй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн ажлыг зогсоох хүртэл эрсдэлтэй байжээ.

Иймээс Монголын мянганы сорилтын сан, биологич Б.Батсайхантай хамтран тарваганд үзүүлэх нөлөөг хамгийн бага түвшинд байлгах нарийн төлөвлөгөө боловсруулж, үйлдвэрээс гарах дуу чимээ, доргилтыг бууруулах зорилгоор 50 метр урт, 2 метр өндөр шороон далан барьсан байна. 022 онд барьсан чулуун далан, тогооны үр уруйн үерт үүссэн ганганы элэгдэл зогсон, хөрсөнд чийг хуримтлагдах нөхцөл бүрдсэн байна. Үүний үр дүнд ургамлын олон зүйл ургадаг болж, ургалт нь ч сайжирчээ.

Тарвага өглөө 06:00–10:00, орой 17:00–20:00 цагийн хооронд ид идээшилдэг. Энэ үед хүнд машин, механизм ажиллуулахгүй байх горим нэвтрүүлжээ. Энэ бүхний үр дүнд тарваганы идэш тэжээл сайжирч, дагуул байршил болон шинэ дош, нүхний тоо нэмэгдсэн байна. 2021 онд 8 дош байсан бол 2025 онд нийт 28 дош, нүх болжээ.

Үүний үр дүнд тарвага ингэж өсжээ. Үүнд:

  • 2020 он- 51 тарвага
  • 2021 он – 77 тарвага
  • 2022 он – 97 тарвага
  • 2023 он – 103 тарвага
  • 2024 он – 143 тарвага
  • 2025 он – 188 тарвага

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *