Д.Тогтохсүрэнгийн тоогүй явдлууд


Төрийн албанд 35 жил болохдоо сумын Тамгын газрын дарга, ИТХ-ын дарга, засаг дарга хийж үзсэн, УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдсон, төрийн өмчит баян компани удирддаг энэ эрхмийг АТГ 2 дахь удаагаа оролдож байна. Өмнө нь 2019 онд түүнийг АТГ авлигын хэрэгт холбогдуулан шалгасан ч эрүүгийн хэрэг үүсгэж чадаагүй. Түүнийг Өвөрхангай аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа 2016 онд нэг хүнээс 70 сая төгрөгийн авлига авч, тендерт шалгаруулж өгсөн гэх хэрэгт холбогдсон.

Энэ удаад АТГ дахиад түүнийг шалгаж эхэллээ. Түрүүчийнх шигээ юу ч нотолж чадалгүй тавиад явуулбал гайхах юмгүй. Цагдаа Д.Тогтохсүрэнг мөрдөгч нар мөрдөж чадсангүй л гэж ойлгоход болно. 1991 онд Цагдаагийн дээд сургуулийг  хуульч мэргэжлээр төгссөн хүн шүү дээ.

Тэр 2023 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд иргэдтэй уулзалт хийж, уулзалтад нь ирсэн хүмүүст дугтуйтай мөнгө тараасан. Түүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Бичлэг нь байсан болохоор яаж ч чадаагүй байх л даа. Зураг байсан бол эвлүүлэг гэх сэн.

Цагдаа Д.Тогтохсүрэнг мөрдөгч нар мөрдөж чадсангүй л гэж ойлгоход болно

“Монгол ёсоор ахмадуудад 20.000 төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн. Улс төрийн зорилгоор мөнгө тараах бол ил өгөхгүй байх. Миний хувьд олон нийтийн дунд өгсөн. Сумын засаг дарга намайг дагуулж яваад “Өндөр настай хүн нь энэ байна” гэхээр нь хүндэтгэл үзүүлсэн. Түүнээс биш надад мөнгө тараах зорилго байхгүй. Тараах ч мөнгө байхгүй. Уулзалтад ирсэн 5 ахмадад хүндэтгэл үзүүлсэн л ажил. Энэ бол УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл ч биш. АТГ-аас намайг дуудсан зүйл алга. Өгдөг хүмүүс нь өгдөг газар нь өгнө л биз. Энэ асуудал дээр надад санаа зовоод байх зүйл алга” хэмээн тоомжиргүй хандаж байлаа.

2020 онд УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын дарга Г.Занданшатарын Австралид хийх айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцохдоо УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Австралид суугаа Элчин сайд Б.Чулуунхүү нар казино тоглосон байдаг.

Үүнийгээ Д.Тогтохсүрэн “Бид хэд казиногийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор орсон. Бид тоглоогүй. УИХ-аар казиногийн хууль ороод ирвэл ямар юм байдаг юм байна гэж үзэж сонирхох зорилгоор орсон. УИХ-аар Ш.Раднаасэд гишүүнээр  ахлуулсан Казиногийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ парламент амжвал Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг бодолцоод ч бид энэ талаар ойлголттой болохоор орсон” гэж тайлбарласан.

Эхнэр Д.Оюунбилэгт нь Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгчийн ажил гаргаж өгсөн ч голж, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Ганчимэгийн албан тушаалыг булаасан

Үүнтэй холбогдуулан 2020.01.20-нд ЕТГ-ын дарга 3.Энхболд “Хэдэн сарын өмнө Төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг өөрчилж, мөрийтэй тогловол ажлаас нь халахаар болсон. Хэд хэдэн хунд арга хэмжээ авсан. УИХ-ын гишуун бол төрийн албан хаагч. Тиймээс халагдах ёстой бол халагдах байх. Ардын намын УИХ, Ардын намын Засгийн газар дүрмээ хэрэгжүүлж чадах эсэхийг харъя. Казино тоглосон төрийн албан тушаалтан халагддаг. Казино тоглосон УИХ-ын гишуун халагддаггүй байж болохгүй” гэж мэдэгдсэн юм.

Гэсэн ч уг дүрэм УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд үйлчлээгүй. МАН-ын УИХ, ЗГ дүрмээ хэрэгжүүлж чадаагүй. Уг дүрэм жирийн ажилтанд үйлчилдэг, УИХ-ын гишүүнд үйлчилдэггүй юм билээ.  

Д.Тогтохсүрэнгийн хүргэн Ц.Энхмөрөн эдүгээ Төрийн банкны Тогтвортой хөгжил хариуцсан дэд захирлаар ажилладаг. Монголбанкинд нягтлан бодогч хийж байсан түүнийг хадам аав нь 2020 онд тус банкны Санхүү, бүртгэлийн газрын Тайлан мэдээ, бодлогын хэлтсийн дарга болгосон гэдэг. Үүгээр зогсохгүй Ц.Энхмөрөн 2022 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт I нарийн бичгийн даргаар томилогдсоныг хүмүүс бас хадам аавынх нь түлхээс гэж үздэг. Мэргэжлийн дипломатч хүний хийх ажилд нягтлан бодогч оччихоор арга ч үгүй биз.

Д.Тогтохсүрэнгийн хүргэн Ц.Энхмөрөн эдүгээ Төрийн банкны Тогтвортой хөгжил хариуцсан дэд захирлаар ажилладаг

2023 онд хадам дүү Д.Тогтохсүрэнгийн Батзаяатай “Степпе майнинг транс” ХХК байгуулж, бизнест хөл тавиад, Төрийн банкны дэд захирал болжээ.

Д.Тогтохсүрэнгийн эхнэр Д.Оюунбилэг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга. Багш мэргэжилтэй энэ эмэгтэй өөр мэргэжлээр ажиллах болсонд нөхөр нь нөлөөлсөн гэдэг. Тэр аймгийнхаа Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байгаад, нөхөр нь 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, Улаанбаатарт ирэхэд, нийслэл рүү хамт шилжжээ.

Ингээд Д.Оюунбилэгт Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгчийн ажил гаргаж өгсөн ч голж, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Ганчимэгийн албан тушаалыг булаасан гэдэг. Үүнтэй холбоотой хэл ам тухайн үед дэгдэж, Д.Оюунбилэгт ажлаа алдсан М.Ганчимэг “Би Д.Тогтохсүрэн гишүүнийг ёзүйгүй гэж харж байгаа. Эхнэрийг нь ажилд авах гэж ямар юм хийснийг мэдэж байгаа” гэж сэтгүүлчид ярьж байв.


2 responses to “Д.Тогтохсүрэнгийн тоогүй явдлууд”

  1. худалдагдсан сэтгүүлч, захиалгаар бичиж нтр

Leave a Reply to худалдагдсан сэтгүүлч Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *