МАН-ын жагсаалтынхан даргадаа таалагдсангүй. 2028 оны сонгуулиар жагсаалтад багтаах хүмүүсийг сонгохдоо өөр зарчим баримтална гэдгээ МАН-ын дарга Н.Учрал Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзахдаа мэдэгдлээ. Өмнөх даргадаа таалагдсан, өнөөгийн даргадаа таалагдаагүй МАН-ын жагсаалтынхан тэгэхээр УИХ-ын дараагийн сонгуулиар жагсаалтад багтахгүй нь тодорхой болов. Даргадаа гологдсон, жагсаалтаас хасагдах гишүүд тэгэхээр үлдсэн 2 жилээ үр дүнтэй өнгөрүүлж, ийм гишүүн их хуралд байдаг гэдгээ мэдэгдэхгүй бол 2028 онд та бүхнийг ус руу шидэх нь дээ.
Гэхдээ саар муугийн үлгэр байх уу, сайн сайхны жишиг болох уу гэдгээ шийдэж, үгээ цэнэн, үйлдлээ хянахгүй бол горьгүй. Муу нэртэй, луу данстай эрхмүүд жагсаалтаас тодорч, их хурлын гишүүний эрхэм дээд алдрыг шавхайтай хутгаж явна. Өнөө салбар, салбарын шилдгүүдийн шинж тэдэнд алга. Алив муугийн үлгэр, адгийн муухайгийн хачир нь тэд болов.
“Намайг хэн хэлэх вэ дээ. Нохойг хэн саах вэ дээ” гэсэн хандлагатай гишүүд Монголын парламентад хөлхөж байна. Хулгайч, зодоонч, хүчингийн хэрэгтэн, казиночин, авлигач, хэрүүлч, шантаажчин гээд есөн шид нь бүрдсэн хүмүүс энд байсаар ирсэн. Одоо ч байж л байна.
Алив муугийн үлгэр, адгийн муухайгийн хачир нь тэд болов
Даргадаа гологдсон жагсаалтынхан ИЗНН-аар үргэлжилж, Д.Нарантуяа-Нарагаасаа салах аргаа олохгүй зүдэрч яваа Б.Батбаатар жагсаалтын гишүүнийг нам нь эргүүлэн татах хуулийн төсөл санаачлан, энэ хаврын чуулганаар УИХ-д өргөн барих гэж байна. Энэ төслийг УИХ баталбал, Нарагаар тогтохгүй хүн энэ намаас явах биз. Явуулахыг сонгогчид шаардах нь дамжиггүй.
Хуультай, хуульгүй хүн үлдэхгүй шахам болоод байгаа ХҮН даргаасаа эхлээд бүгдээрээ жагсаалтынх. Хүнээ авч үлдэхийн тулд Т.Доржханд жагсаалтын гишүүддээ хэний буянаар хэн болсныг нь сануулах, сүрдүүлэх зэрэгцүүлэн байж, намынхаа хаалгыг гаднаас нь хаахаар боссон гишүүдээ авч үлдсэн.
Энэ бүхэн явж явж намуудтай өөрсөдтэй нь холбоотой л доо. Тэднийг нам нэрийнхээ өмнөөс жагсаан, нэр дээрээ сонгуульд оролцуулж, нэрээр нь иргэд саналаа өгсөн. Жагсаасан хүмүүсийнх нь уярам тайлбартай чамин танилцуулгыг харж, намд нь санал өгсөн. Гэвч одоо ард түмэн байтугай намынх нь гишүүд өөрсдөө “Би хэнийг сонгочихов оо” хэмээн гайхаж байна.
Монголд нам алга. Нам үгсэж, сэм хуйвалддаг бүлэглэлийг л нам гэдэг болоод байна. МАН-ын жагсаалтын 18 гэхэд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний бий болгосон цуглуулга. Гэхдээ энэ цуглуулгад У.Хүрэлсүхийн, Г.Занданшатарын, Н.Энхбаярын, Д.Амарбаясгалангийн, Х.Нямбаатарын гээд олон хүний шахааны хүмүүс бий. Үнэхээр л өнгө өнгийн цуглуулга.
Хийдэг ажил, хэлдэг үг нь энэ намыг хуучны коммунист дэглэмийг хэвээр нь үлдээхийг хүсдэг консерватистууд гэж харагдуулдаг
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг МАН-ын тамгыг булаацалдан тэмцэлдэхэд энэ цуглуулга хэн нь хэний хүн бэ гэдгээ харуулж, УИХ-ыг жагсаалтынхан, тойргийнхон болгож талцсан. Энэ бол МАН-ын гишүүдийг нам биш, хүн удирдаж байгааг харуулав. Үзэл баримтлал, үнэт зүйл биш нэг эрх мэдэлтэн зангидаж байгааг нотлов.
Уг нь МАН хүн бүрт сайхан амьдрах боломж олгох, чинээлэг дундаж давхарга бий болгох, хүнийг хүн ёсоор амьдрахад төр зохистой оролцох ёстой гэж сурталддаг. Гэвч энэ нам хүн бүрт биш, гишүүддээ тэр дундаа дарга дагаж далдганасан цүнх баригчдаа халамжилдаг. Сонгууль болохоор сонгогчийн саналыг мөнгө, эд материал, ажлын байр, албан тушаалаар худалдан авч, хорвоод хосгүй сайхан амлалт өгдөг. Тэгээд хийдэг ажил нь мөнгө тараах, халамжийг хавтгайруулах. Гэхдээ өөрийнхөө намын гишүүдийг халамжилна гээч. Монголын ард түмнийг биш. Төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй хүнд 36 сарын цалинтай нь дүйцэх тэтгэмж 1 удаа олгох Засгийн газрын журам 2015.01.01-нээс хэрэгжиж байна. Төрийн албанд эрх баригч МАН-ын гишүүн л орж чаддагийг золбин нохой ч хуцна. Г.Занданшатарын Засгийн газар уг халамжийг ар гэрт нь өвлүүлдэг болголоо. Ийм л ялгавартай.
Онолоор бол зүүн төвийн үзэл баримтлалтай МАН ард олныг ялгаварлахгүйгээр адил тэгш амьдрах эрх чөлөө олгох учиртай. Гэвч хийдэг ажил, хэлдэг үг нь энэ намыг хуучны коммунист дэглэмийг хэвээр нь үлдээхийг хүсдэг консерватистууд гэж харагдуулдаг. Нийгмийг эрс өөрчлөхийг зорьдог радикалууд энэ намд харагддаггүй. Одоо болтол ганц ч ДЦС бариагүй, өвөл бүр ард түмнээ лаа, шүдэнз нөөцлөхөд хүргэж, цахилгаан шатанд гацааж, угаарт хордуулж, зам дээр түгжрүүлж, хүн амаа хотод бөөгнөрүүлж ирсэн нь үүний нотолгоо. Үйлдвэрлэдэг, бүтээдэг юм бараг байхгүй атлаа нийгмийн сүлжээгээр хэрэлдсэн хүмүүсийг энэ нам бий болголоо. Өөрсдөө Төрийн ордонд талцаад, ард олноо нийгмийн сүлжээнд талцуулах нь энэ намын хамгийн сайн хийж чаддаг ганц ажил. 105 жилийн түүхтэй нам ийм байгаа нь арай дэндэнэ л дээ.

One response to “Н.Учралд гологдсон жагсаалтынхны цаана…”
ЦАГААЧ УЧРАЛ ИХ ХУЦНАА! ӨМХИЙ ЛАЛАР НОВШ!