Дорнод аймгийн Халхгол суманд 2-р сарын 21-нд болсон цасан шуурганаар 43 мянга гаруй мал урууджээ. Үүнээс 15 мянгыг нь олсон байна. Нийт 208 мал уг цасан шуурганд хорогдсон гэсэн тооцоог тус сумын ЗДТГ гаргажээ.
Халхгол суманд цас зудын нөхцөл байдлын улмаас зам, даваа хаагдаж, айл өрхүүдийн хашаа, малын бэлчээр цасанд дарагдсан. Зам давааг нээх, малчдын өвөлжөө, хороонд хунгарласан цасыг цэвэрлэх, үхсэн малыг булж устгах ажлыг тус аймгийн Онцгой комиссын орлогч дарга, засаг даргын орлогч Ч.Ганбат, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Батмөнх нараар ахлуулсан гардан зохион байгуулж байна. Тэднийг дахин 3 хоног Халхголд ажиллуулахаар тус аймгийн Онцгой комисс хугацааг нь сунгалаа.
Өнөөдрийн байдлаар 3 багийн нутагт 25 машинтай 106 хүн ажиллаж буй аж. Сумын хэмжээнд АИ92 бензин 46.4 тн, дизель түлш 13.8 тн, нүүрс гурав хоногийн нөөцтэй байна. Уурын зууханд гарсан гэмтлийг засжээ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 21-нээс эхлэн цахимаар явуулж байна.

