Дорнод аймгийн Халхгол суманд 2 дугаар сард олон жилийн дунджаар 4.8 мм хур тунадас ордог бол өнгөрсөн 2 дугаар сард 6 өдөрт 12.1 мм цас орсон байна. Цасны зузаан цаг уурын ажиглалтын талбайд 15 см, хунгарласан газартаа 50 см-ээс 2 метр хүртэл зузаан байна.
Өнөөдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд болон зүүн хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурч байна.
Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд болон зүүн хэсэг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
3 дугаар сарын 4-ний өдрийг өнгөртөл Халхгол сумын нутгаар дахин ахиу хэмжээтэй цас орж, шуурах тул холбогдох мэргэжлийн байгууллага, сум орон нутгийн удирдлага, малчид бэлтгэл бэлэн байдлаа ханган болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газар сэрэмжлүүллээ.
