УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг Ерөнхийлөгч санаачлах нь зөв үү?


Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачилж буйгаа олон нийтэд хандан зарласан. Парламентын нэр хүнд унаж буй энэ үед уг хуулийн төсөл олон хүний алга ташилтыг дагуулж байгаа ч судлаачдад эргэлзээ, болгоомжлол үүсгээд байгаа юм. Энэ сэдвээр хуульчдаас байр суурийг нь тодрууллаа.

Хуульч П.Эрхэмбаяр:

-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал анхаарлын төвд байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн 7 хоногт хөндлөнгийн байр сууринаас УИХ-д 2 төсөл өргөн барих тухай ярилаа. 1 төсөл нь агуулгаараа парламентын дархлааг унагаах, халдах гэсэн зорилготой байж мэдэх төсөл. Энэ төслийг 1 намын дарга өргөн барьсан. Нөгөөх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан процессын хууль. Гэхдээ би төслийг нь хараагүй байна. Монгол Улсын хууль тогтоомжоор УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө эргүүлэн татдаг 6 үндэслэл бий. Ёс суртахуунтай холбоотой, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон зэрэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэц тогтоох ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүний бүрэн эрх эдэлж байгаа УИХ-ын гишүүнийг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг Үндсэн хуулийн цэц шүүн тогтоодог гэсэн үг. Харин энэ тогтолцоог алгасаад, УИХ-ын гишүүнийг цэцээр шүүлгэлгүйгээр намын жагсаалтад орсон УИХ-ын гишүүнийг эргүүлэн татаж, сольж халж болно гэдэг материаллаг хууль өргөн баривал энэ нь өөрөө асуудалтай. Нэг талд цэц эргүүлэн татаад байдаг, нөгөө талд нам нь эргүүлэн татаад байдаг байж болохгүй.

Тийм ч учраас нам жагсаалтын гишүүнээ эргүүлэн татдаг болно гэсэн хуулийн төслийг би УИХ-ын дархлаанд халдсан төсөл гэж харж байна.

Материаллаг хуулийн агуулгатай. Жагсаалтад байгаа асуудлаа нам мэдэх буюу төрийн дээр нам залрах эрсдэлийг бодитой үүсгэх магадлалтай. 2-р төслийн тухайд, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцүүлэх процесс нь байдаг. Гэхдээ хуулийн  энэ зохицуулалт хэрэгжихгүй байгаа нь процесс нь тодорхойгүй, эсвэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулалгүй шүүгээндээ дарчихдагаас болж гишүүдэд хариуцлага ярьдаггүй зэрэг шалтгаанаар буюу үзэмжээр өөрийн намын гишүүнийхээ бүрэн эрхийг ярьдаггүй хийдэл байгаа учраас Ерөнхийлөгч хууль санаачилсан болов уу гэж харж байна. Ерөнхийлөгч бол хууль санаачлах эрх бүхий субьект мөн. Процессын хууль нь ойлгомжгүй учраас илүү ойлгомжтой болгож өгье гэдэг санаачилга болов уу гэж хөндлөнгөөс хуульчийн нүдээр харж байна.

-Илүү тодруулж болох уу?

-УИХ-ын хариуцлагын тогтолцоо сул байгаатай холбоотой болов уу. Ёс зүйн зөрчил гаргасан гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг оруулж ирэхгүй байгаа учраас хөндлөнгийн субьектээс процессыг илүү ойлгомжтой болгоход анхаарч байна уу гэж харж байна. Ажилд нь оролцож, хууль санаачилж байна шүү дээ. Гэхдээ мэдээж хуулиа хэрхэн батлах эцсийн шийдвэрийг хууль тогтоох байгууллага өөрсдөө гаргана. Харин тэр “Жагсаалтын гишүүдийг ёс зүйн зөрчил гаргавал эргүүлэн татна” гэдэг бол парламентын дархлаанд шууд нөлөөлөх асуудал. Магадгүй Ерөнхийлөгч ийм хуулийн төсөл санаачилж оруулж ирсэн бол болохгүй гэсэн үг. Хэлэлцэх асуудлын дарааллыг дардаг, байнгын хороодоо хуралдуулдаггүй зэрэг асуудал байгаа учраас ийм хууль санаачилж байна гэж тайлбарласан л даа.

-Ерөнхийлөгч ийм хуулийн төсөл санаачлах эрхтэй субьект мөн үү, биш үү гэдэг маргаан үүсээд байна?

-Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрхтэй субьект биш. УИХ-ын гишүүний ёс суртахуун, хэм хэмжээ зөрчсөн гэдэг шийдвэрийг цэц гаргавал тэр шийдвэрийг УИХ хэлэлцээд, эцсийн шийдвэрийг гаргана. Ерөнхийлөгчийн институцээс орж ирж байгаа хуулийн төслийн тухайд агуулга, тайлбар нь УИХ-ын дархлаанд халдаж байгаа харагдахгүй байна. Тамгын газраас өгч байгаа мэдээллээр бид процессын хуулийг илүү тодорхой болгох шаардлагатай байна хэмээн тайлбарласан. Хууль санаачлах эрх Ерөнхийлөгчид бий. Гэхдээ тэр хууль нь парламентын бүтцэд нөлөөлвөл аюултай, болохгүй гэсэн үг.

Хууль зүйн ухааны доктор, судлаач Б.Батзориг:

 -УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж байгаагаа зарласан. Энэ  талаар та судлаачийн хувиар ямар байр суурьтай байна вэ?

-Одоо хуульд байгаа УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн зохицуулалттайгаар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах процессын хууль санаачлан батлуулбал маш аюултай үр дагавар үүснэ. Материаллаг хууль бүрэн бус байгаа тохиолдолд процессыг хуульчлах нь маш эрсдэл өндөртэй. Яаж л бол яаж ажиллаж эхэлнэ гэсэн үг. Яг махны машин шиг. Ёс зүйн үйлдэл өөрөө их өргөн хүрээтэй. Дээрээс нь бид сахилгын зөрчил, ёс зүйн зөрчил 2-оо ялгадаггүй шүү дээ. Хооронд нь холиод л байдаг. Тодруулбал хуралдаанаа таслах нь ёс зүйн зөрчил үү эсвэл дэг зөрчиж байгаа үйлдэл үү гэдгээ бид ялгадаггүй.

-УИХ-ын гишүүний тангараг гэж зүйл бий. Түүнийгээ зөрчвөл гэдэг асуудал яриад байх шиг?

-УИХ-ын гишүүний тангараг маш өргөн хүрээтэй. Улс орны эрх ашгийн төлөө зүтгэнэ гэдэг. Гэтэл намуудын улс төрийн бодлого зөрж болно шүү дээ. Сөрөг хүчнийг улс орныхоо эрх ашгийн эсрэг ажиллаж байна хэмээн дүгнэж болохгүй биз дээ. Ерөнхийлөгчийн тангараг Үндсэн хуульд бий. Маш тодорхой.
Харин УИХ-ын гишүүний тангараг УИХ-ын тухай хуульд байгаа. Энэ тангаргаа няцсаныг тогтоох нь тун ойлгомжгүй. Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэнэ гэж байдаг. Гэтэл яг яаж энэ тангаргаа мөрдөх нь ойлгомжгүй, тогтоох боломжгүй.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах процессын хуулийг батлахаасаа өмнө материаллаг хуулиа маш ойлгомжтой болгох шаардлагатай. УИХ-ын гишүүний ёс зүйн зарчмаа зөрчсөнийг тогтоохын тулд материаллаг хуулиудаа өөрчлөх шаардлага үүснэ. Материаллаг хуулиудад олон хууль тогтоомж орно. Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, өөр олон давхардсан олон хуулийн төсөл ч яригдана. Үндсэндээ УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг шийдэх материаллаг хууль өөрөө ийм ойлгомжгүй байхад, процессыг хуульчилбал улс төрийн зорилгоор яаж л болж яаж хэрэглэж болно гэсэн үг шүү дээ.

-УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал хэтэрхий их анхаарал татаад байгаа учраас ийм хууль санаачилж байгаа болов уу?

-УИХ-ын гишүүний ёс зүй яг ямар байх ёстойг нарийн тодорхой болгох ёстой. Ялангуяа сонгогчдод УИХ-ын гишүүний ёс зүй ямар байх нь ойлгомжтой байх шаардлагатай. Үүний дараа гишүүнийг эргүүлэн татах процессыг хуульчлах нь зүйтэй гэж харж байна.
Би процессын хуулийг судалдаг эрдэмтэн. Материаллаг хуулиа сайжруулалгүйгээр процессыг хуульчлах нь өөрөө маш аюултай. Миний харж байгаагаар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн процессын хуулийг яаралтай баталж болохгүй. Тийм нөхцөл шаардлага ч үүсээгүй байна гэж дүгнэхээр байгаа юм. Мэдээж нийгмийн хүлээлт байгаа. Олон жил яригдаж байгаа асуудал мөн.

-Олон нийтийн хүлээлт байгаа учраас төрийн тэргүүн санаачилсан байх?

-УИХ-ын танхимд шүүхээс ял сонсчихсон хүн байна. Эсвэл хэрэгт холбогдоод шүүхээс ял авах асуудал яригдаад эхлэхээр УИХ-д орж хамгаалагдаж байгаа хэсэг ч байна. Энэ бүхнээс үүдээд олон нийтийн дургүйцэл өдөөгдөөд байна. Гэхдээ УИХ-ын гишүүн ард түмнээс сонгогддог. Ямар ард түмэн байна, тийм л төлөөлөл УИХ-д сууж байгаа гэдгийг бас бодолцох ёстой. Гэтэл сонгогдоод их хурлын гишүүн болсных нь дараа түүнээс өөр шаардлага тавьж, шалгуур нэхээд байна шүү дээ, манайхан. Бусад улс оронд ч гэсэн парламентад нь янз бүрийн нийгмийн давхаргын төлөөлөл байдаг. Зарим улс орны парламентад биеэ үнэлэгч сонгогдон ажиллаж байсан жишээ хүртэл бий.  
Мэдээж УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах гэсэн Ерөнхийлөгчийн санаачилга зөв. Гэхдээ түүнээс өмнө УИХ-ын гишүүний тангаргийг, ёс зүйн дүрмийг нарийн ойлгомжтой хуульчилж хэлэлцүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол улс төрийн аюултай зэвсэг болж ашиглагдахыг үгүйсгэх аргагүй.

-Тайлбар өгч, байр сууриа илэрхийлсэнд баярлалаа.

, , ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *