Ерөнхийлөгч яг яах гээд байна


Ерөнхийлөгч нийгэмд дуулиан дэгдээж орхилоо. “Парламентын бүрэн эрхэнд халдлаа” гэж зарим нь түүнийг буруутгаж байхад “УИХ-ын гишүүнийг буцаан татах асуудалд шийдэл гаргаж өглөө” хэмээн нөгөө хэсэг нь зөвтгөж байна. Гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс ял сонссон, ёсзүйгээ зөрчсөн УИХ-ын гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр УИХ-ын тухай хуулийн 9.4-т заажээ. Гэвч УИХ гишүүнээ эргүүлэн татах нь байтугай түдгэлзүүлсэн удаа цөөн. “Юмыг яаж мэдэх вэ. Үүнийг явуулчихвал би араас нь явах цаг ирэх ч юм бил үү” гэж болгоомжлоод, гишүүд нэгнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлдэггүй. Эргүүлэн татах тухайд бүүр ч хөдөлдөггүй.

Тиймээс Ерөнхийлөгч энэ асуудлыг шийдэх санаачилга гаргаж, УИХ-ын гишүүнийг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр эргүүлэн татдаг болгох хуулийн төсөл санаачиллаа. Ерөнхийлөгчийг ҮХЦ-ийн дүгнэлтэд үндэслэн, УИХ эргүүлэн татахаар Үндсэн хуулийн 35.2-т заажээ. Ерөнхийлөгчийг цэцийн дүгнэлтээр огцруулж болох юм бол УИХ-ын гишүүнийг ч цэцийн дүгнэлтээр буцаан татаж болно гэсэн гаргалгааг Ерөнхийлөгч олж харжээ. Болохгүй юм байхгүй л дээ.

Аливаа хуулийг УИХ баталдаг. УИХ-ын тухай хууль батлахдаа тэд өөрсдийг нь  эргүүлэн татаж болох ч юм шиг атлаа боломжгүй заалт тусгасан улс. Энэ удаад өөрсдийг нь ҮХЦ-ийн дүгнэлтээр эргүүлэн татна гэхээр дургүй байх нь дамжиггүй. Хэн нэг гишүүнийг нь цэц эргүүлэн татах нь зөв гээд шийдвэрлэчихвэл УИХ хэцүүднэ. Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал өнөөдөр А, маргааш Б гишүүн гээд ар араасаа парламентаас явах үүд эргэлт буцалтгүй нээгдэнэ. Хүлээж авахгүй бол нэгнийхээ гэмийг, өөрсдийнхөө алдааг хаацайлсан муухай гишүүд болж харагдана.

Дараа жил хугацаа нь дуусах Ерөнхийлөгчид нэр хүндээ ард олны дунд өсгөх ямар хэрэг байна?

УИХ-ын 126 гишүүн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг яах юм бол доо. Хүлээж аваад баталбал Ерөнхийлөгч, УИХ-ын нэр хүнд ард олны дунд суга өснө. Батлахгүй бол зөвхөн Ерөнхийлөгч алдаршина.

Тэртэй тэргүй дараа жил хугацаа нь дуусах Ерөнхийлөгчид нэр хүндээ ард олны дунд өсгөх ямар хэрэг байна гэж зарим хүн асуух байх. Үүний хариулт л харин сонин байгаа юм. Цаад зорилго нь арай Ерөнхийлөгчийн засаглал юм биш биз?

Үндсэн хуулийн төсөл хэлэлцэж байхдаа Улсын бага хурал 1991.11.30-нд засаглалын хэлбэр дээр маргажээ. Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын дарга П.Очирбат “Өөрчлөлт шинэчлэлтийг тавьсан бидний зорилтын гол агуулга юу билээ? Монголд ардчиллыг хөгжүүлье гэсэн. “2000 гаруй жил, сүүлийн 70 жил хэдэн хүнд л /Чойбалсан, Цэдэнбал /дарлуулсан. Одоо л нэг эрх чөлөөгөө олж авах гэж байгаа” гэж бид яриагүй бил үү? Тэгээд яагаад эргээд бас дараа нь “Х”, “У” гарч ирээд биднийг дарлаад өг гээд байгаа билээ. Цаашдаа “парламентын” гэж тунхаглахгүйгээр парламентын засаглалаа тогтооё” гэсэн санал гаргажээ. Түүний саналыг 276 депутат буюу 75% нь дэмжсэнээр “Ерөнхийлөгчийн засаглалтай улс мөн” гэсэн заалтыг Үндсэн хуулийн төслөөс хасаж, Монгол Улс парламентын засаглалтай болсон байдаг.

Гэхдээ одоо Ерөнхийлөгч гадаад бодлого хэрэгжүүлэх, зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, хуульд хориг тавих, хууль санаачлах, зарлиг гаргах, зарим албан тушаалтныг томилох, чөлөөлөх, УИХ-ын чуулганд тааллаараа оролцох, онц байдал, дайн зарлах эрхтэй. Үүнээс нь харвал манай улс Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг.

50 орчим хуульд Ерөнхийлөгчийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн зүйл, заалт тусгажээ

Сайн харвал манай улс Ерөнхийлөгч, парламент хосолсон заримдаг засаглалтай улс болж таарч байна. УИХ өнгөрсөн хугацаанд хууль батлахдаа парламентын засаглалыг хумьж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэмсээр иржээ. Энэ тухай хуульч, судлаач Ж.Алтансүх “Ерөнхийлөгч П.Очирбатын үед бүх шүүхийн ерөнхий шүүгчийг томилох; Ерөнхийлөгч Н.Багабандийн үед ХЭҮК-ын 3 гишүүний 1-ийг нэр дэвшүүлэх, Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг томилох; Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед АТГ-ын дарга, дэд дарга, ТАЗ-ийн гишүүнийг нэр дэвшүүлэх, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед шүүгчдийг шилж олох үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, бүх гишүүнийг томилох бүрэн эрхийг, Ерөнхийлөгч Х.Баттулгын үед ҮАБЗ-өөр дамжуулан шүүх, хууль сахиулах байгууллагын удирдлагуудыг чөлөөлөх эрх мэдлийг Ерөнхийлөгчид олгожээ.

2019 онд Ерөнхийлөгчийн тэргүүлдэг ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаснаар Монгол Улсын ямар ч шүүгчийг түдгэлзүүлэх, аль ч шүүхийн ерөнхий шүүгч төдийгүй улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг огцруулах боломж бүрдсэн. Үндсэн хуулийн 33.4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэж тусгасан. Энэ заалтыг ашиглан, үе үеийн Еерөнхийлөгчийн бүрэн эрх нэмэгдэж, улмаар Ерөнхийлөгчийн албан бус дарангуйлалд хүргэх эрсдэл үүсгэж байна. Иймд энэхүү заалтыг хууль тогтоогчид хязгаартай хүрээнд хэрэглэх шаардлага тулгарч байна. УИХ-ын Тамгын газрын судалгаагаар хүчин төгөлдөр мөрдөж байгаа 50 орчим хуульд Ерөнхийлөгчийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн зүйл, заалт тусгажээ” гэж 2019 онд “Монголд албан бус Ерөнхийлөгчийн засаглал тогтож байгаа юу” өгүүлэлдээ хөнджээ.   

1992 оноос хойш үе үеийн Ерөнхийлөгч нар эрх мэдлээ нэмж, парламентын эрх мэдлийг ямх ямхаар булаасаар ирсэн бол Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 1 эрх мэдлийг нь парламентад буцааж өгсөн удаатай. АТГ-ын даргыг УИХ-д Ерөнхийлөгч санал болгодог байсан бол 2021 оноос Ерөнхий сайд санал болгодог болсон. Үүнийг хийсэн хүн нь У.Хүрэлсүх. Тэр Ерөнхий сайд байхдаа Х.Баттулгатай тохиролцон, АТГ-ын даргын томилгоог Ерөнхийлөгчийн мэдлээс Ерөнхий сайдын мэдэлд авсан юм. З.Дашдаваа 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор АТГ-ын дарга болоод, 2025 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санал болгосноор улирсан.

Сайн харвал манай улс Ерөнхийлөгч, парламент хосолсон заримдаг засаглалтай улс болж таарч байна

Өнөөгийн төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн засаглалд шилжихийг хүсэж байх магадлал хийж буй үйлдлээс нь тун өндөр харагдаж байна. УИХ-ын гишүүд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тал, Д.Занданшатарын тал болон талцаж, парламентын нэр хүндийг унагасан. Одоо жагсаалтынхан, тойргийнхон болон хуваагдчихаад байгаа. Ийм үед УИХ-ыг улам хагаралдуулж, парламентын засаглалд итгэх ард олны итгэлийг үгүй хийхэд хялбар.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг нь УИХ-ын нэгдсэн чуулганд “Хүн засаглахгүй, хууль засаглана. Үүндээ одоо ч би үнэнч байна. Ямар хүн Ерөнхийлөгчийн засаглал руу шилжинэ гэж ярьсныг би ойлгохгүй байгаа. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал…. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог учраас парламенттай энэ чацуу байдаг. Ерөнхийлөгч дээд танхимын үүрэг гүйцэтгэдэг шүү дээ.

Би анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойгоор Үндсэн хуульд өөрчлөлт хийхгүй гэдгээ хэлсэн. Ардчиллын баталгаа бол парламент. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч парламентын засаглалаа байнга дэмжинэ. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй. Тийм дабель стандарт байж болохгүй. Би дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй” гэж хэлээд ердөө 9 сар болж байна. Тэр уг нь хэлсэндээ байдаг хүн. Одоо л биш болчхоогүй бол…

Цаад зорилго нь арай Ерөнхийлөгчийн засаглал юм биш биз?

УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “Зи” ажиллагаа дахиад явагдаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын дарга нь МАН-тай хуйвалдаж, түүнийг хоёрдохоо нэр дэвших эрхгүй болгосон. Одоо, Ерөнхийлөгч асан Х.Баттулга ҮХЦ-д иргэнээр гомдол гаргуулан, дахин нэр дэвших эрхээ олж авах санаатай аргаа барж яваа.

Сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тамгын газрын дарга бас дахин “Зи” ажиллагаа явууллаа. Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс, хууль тогтоох инститүцийн бүрэн эрх рүү халдах хуулийн төсөл өргөн барьж, Үндсэн хуулийн, засаглалуудын хараат бус, тэнцвэртэй байдлыг тогтоосон тулгуур зарчим руу дайруулж, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл рүү түлхэж байх юм. Парламентын засаглалын төлөө байгаагаа У.Хүрэлсүх удаа дараа илэрхийлж байсан даа. Түүнийг худалч болгон харуулах ЕТГ-ын даргын “Зи” ажиллагааны зорилго удахгүй тодрох байлгүй” гэж мэдэгдлээ.

Үгүй байх аа. Энэ удаад зидэх боломжгүй. ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар зэрэгцэж зогсоод, сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийсэн. “Зи” шиг далд биш, ил хийсэн ажил. Сайтар бодож, зөвлөж, төлөвлөж хийсэн ажил. Ерөнхийлөгч яг яах гээд байна?  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *