Дээрэлхүүлсэн гомдлоо насаараа тээх хохирогчдыг хэрхэн нэмэхгүй байх вэ?


Олуулаа нийлж нэгнээ дээрэлхэн, зэрлэгээр зодож гэмтээн, доромжилж байгаа хүүхдүүдийн бичлэг өдөр бүр фэйсбүүкт шинээр тавигддагт монголчууд бид дасаж эхэллээ. Энэ бол дээрэлхэлтийн цахим хувилбарыг бид нүдээрээ үзэж, бусдадаа түгээсээр байгаа нэг хэлбэр юм. Залуу үе маань улам зэрлэг, харгис болж, өрөвдөх сэтгэлгүйгээр нэгнээ тамлаж байгаа эл явдалд монголчууд нийтээрээ шогширсоор дараагийн сенсаацдаа алмайрч, хэрцгийгээр доромжлуулж байгаа бяцхан үрсийн хэрхэн хохирч үлдэж байгааг мартаж байна. Сенсаацаас сенсаацын хооронд шуурсан монголчуудын хандлагын цаана үе тэнгийн дээрэлхэлт улам бүр гэмт хэргийн шинжтэй болж зэрлэгшсээр. Харамсалтай нь бүлэглэн, нэгнээ дээрэлхэх гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдэд хүлээлгэсэн хуулийн хариуцлага огт яригдахгүй байгаа нь анхаарал татсан асуудал болоод байгаа юм.  

Өнгөрсөн 7 хоногт олныг цочирдуулсан сурагчдын бүлэглэн үйлдсэн дээрэлхэлтийн хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэрэгт холбогдсон 8 сурагчид хилийн хориг тавьжээ. Уг хэргийн тухайд ерөнхий боловсролын улсын 2 сургууль болоод хувийн хэвшлийн 3 сургуулийн 8 сурагч холбогдсон байдаг. Тэд “Шангри Ла” үйлчилгээний төвийн орон сууцны хэсэгт 1 охиныг бүлэглэн зодож, нүцгэлж, бусдаар хүчиндүүлнэ хэмээн заналхийж буйгаа бичиж, нийтэд тараасан.

Уг хэрэгт яллах дүгнэлт гарсан гэдэг утгаараа хүүхэдтэй хүн бүр дээрх хэргийг хэрхэн шийдэгдэхийг амьсгаа даран хүлээж байна. Үе тэнгийн нэгнээ бүлэглэн зодож, танхайрвал хуулийн өмнө хариуцлага хүлээж, ял эдлэх хүртэл ноцтой хэрэг үүсгэдэг, үгүйг дээрэлхүү өсвөр үеийнхэн ч анхааран ажиглаж буй биз.

Нэгнээ бүлэглэн зодож, дээрэлхэж буй дээрх хэрэгт холбогдсон хүүхдүүдийн тухайд удаа дараа үе тэнгийн дээрэлхэлтийн хэрэгт холбогдож байсан тухай мэдээлэл байна. Тэр бүү хэл 1 хүүхдийг бөөнөөрөө нийлж, бүлэглэн зодож танхайрч байх явцдаа “Багдаа аав ээжтэй”, “Хуулийн байгууллагынхныг аргалж чаддаг” хэмээн том дуугарч, онгирсон тухай тэдэнд дээрэлхүүлсэн хэд хэдэн хохирогч ам нээсэн удаатай. “Шангри Ла”-гийн орцонд бүлэглэн, бусдыг дээрэлхсэн хүүхдүүдийн хэргийг үе тэнгийн дээрэлхэлтийн хэрэг биш, гэмт хэргийн шинжтэй зэрлэг балмад үйлдэл байсныг сошиал медиа хэрэглэгчид сануулсаар байна.

Нэгнээ бүлэглэн зэрлэгээр зодож буй өсвөр насныхны дээрэлхэлтийн хэрэг бол хүүхдийн эсрэг гэмт хэрэгт тооцогдоно. Хохирогч нь хүүхэд учраас. Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хариуцлагыг Эрүүгийн хуулиар чангаруулсан бөгөөд хариуцлагыг ялын таазанд тултал чангаруулсан гэдэг тайлбар Хууль зүй, дотоод хэргийн сайдад байгаа юм.

Монгол Улсын хувьд үе тэнгийн дээрэлхэлтийг 10 жилийн өмнөөс гэмт хэрэгт тооцдог болсон ч сургуулийн орчимд үйлдэгдэж байгаа дээрэлхэлтүүд огт буурахгүй байна. Энэ төрлийн хэргүүдийн шийдвэрлэлтийг харахад үе тэнгийнхнээ дээрэлхсэн хүүхдүүд болоод тэдний эцэг эхэд Зөрчлийн хуулиар торгууль ногдуулдаг. Торгуулийн мөнгө улсад орж, харин дээрэлхүүлж зодуулсан хүүхэд хөнгөн бэртсэн бол хохирол барагдуулах ямар нэгэн арга хэмжээ байхгүй. Нэг ёсондоо хүүхдүүд нэгнээ дээрэлхсэн нь батлагдвал улс дээрэлхүү хүүхдүүдийн эцэг эхээс торгуулийн мөнгө авч ашиг хийснээр хохирогчийн хохирлыг барагдуулах ажил огт өрнөдөггүй болж таарч байна.

Өсвөр үеийнхнийг араатан лугаа аашлах нөхцөлийг бүрдүүлж байгаа тухайн байршил бол нийслэлийн хамгийн үнэтэй бүс буюу “Шангри Ла” үйлчилгээний төвийн орон сууцны хэсэг. Гэтэл тус төв “Манай төв дээрх хэрэгтэй огт хамааралгүй бөгөөд бид дээрэлхэлтийн хэргийг дэмждэггүй” хэмээн хаяагаа манасан мэдэгдэл гаргасан нь ёс зүйгүй, муухай харагдсаныг дурдалгүй орхих аргагүй. Дээр дооргүй нийгмийн хариуцлагатай байхыг зорьдог атал хэрэг зөрчил гарах нөхцөл бүрдүүлж, камерын хяналтгүй бүс үлдээснийхээ төлөө тэнд зодуулж хохирсон хохирогчоос ч уучлал хүсээгүй нь анхаарал татсан билээ.

Монгол цахим хэрэглээгээрээ өндөр эрсдэлтэй улсын тоонд багтаж байна. Учир нь 10-аас дээш насны хүүхэд бүр багадаа 1-2 сошиал платформ хэрэглэж, цахим орчинд идэвхтэй оролцсоор байна. Амьдралын туршлага багатай, суурь боловсрол бүрэн эзэмшээгүй хүүхэд багачууд фэйсбүүкээр дамжсан мэдээлэлд шууд итгэж автах, улмаар айх эрсдэл бодитой. Өнгөрсөн жил Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас явуулсан судалгаагаар 9–12 насны хүүхдүүдийн гуравны нэг, харин 13–17 насны өсвөр үеийнхний талаас илүү хувь нь цахим дээрэлхэлт, доромжлолд өртөж байснаа хүлээн зөвшөөрчээ. Үйлдлүүдийн дийлэнх нь доромжлох, нэр хүндэд халдах, мөн хамгийн ноцтой нь бэлгийн шинжтэй дарамт байсан нь анхаарал татна.

Үе тэнгийн дээрэлхэлт цахим хэлбэртэй тархаж байгаа нь хамрах хүрээг төдий чинээ өргөн болгож байна. Үеийнхэндээ дээрэлхүүлж хохирсон хүүхдүүд сэтгэл санаагаар маш хүнд хохирч байгааг судлаачид анхааруулсаар байгаа юм. Хохирогчдын дунд нийтлэг ажиглагдаж байгаа шинж тэмдгүүдэд хэт түгшүүртэй болох, сэтгэл гутрах, хичээлдээ муудах, ноцтой тохиолдолд амиа хорлох бодол төрөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа тухай салбарын яамнаас гаргасан судалгаанд дурджээ.

13-17 насны 2600 хүүхдээс авсан судалгаагаар тэдний 50 хувь нь цахим дарамтад өртсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.  

Үеийнхээ хүүхдүүдэд зэрлэгээр дээрэлхүүлсэн хүүхдийн сэтгэл санаа маш ноцтой гэмтдэг. Тухайн хүүхдийг насан туршид дагах эмзэглэл болж үлддэгийг судлаачид баталж байна. Тэгвэл бусдад мэдэгдэлгүй, үеийнхэндээ дээрэлхүүлснээ нууж яваа хэчнээн хүүхэд та бидний дунд шаналж явааг мэдэх арга байхгүй.

Улам бүр нууц, илүү аймаар болж зэрлэгшсээр байгаа бүлэг дээрэлхэх хэрэгт ямар хариуцлага хүлээлгэхээс цаашид ийм төрлийн хэргүүд гаарах уу, эсвэл намжих уу гэдэг нь шалтгаалах биз ээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *