Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газар хамтран, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэллээ. Тус шалгалтаар авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодит нөхцөлд үнэлэх юм.

Шаардлагатай тохиолдолд агаар, хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээ хийж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулна.
Шалгалт 3 дугаар сарын 19-нөөс 4 дүгээр сарын 9 хүртэл үргэлжилнэ.

Авто засварын үйл ажиллагаанаас гарч буй ашигласан тос, аккумлятор, батарей нь Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан Аюултай хог хаягдлын жагсаалтын 1302 дугаар дэд бүлэг (тос, тосолгооны хаягдал), 1603 дугаар дэд бүлэг (батарей, аккумлятор)-д хамаардаг.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь өөрийн үйл ажиллагаанаас үүссэн аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөхийг нийслэлийн Байгаль орчны газар анхаарууллаа.
